Дэлхий Оросын газрын тос, байгалийн хийнээс хэр их хамааралтай вэ


Admin
3-р сарын 15
8 цаг 51 минут

Украин барууны орнуудаас Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлж, Оросын нефтийг экспортлохыг хориглохыг уриалав. Хариуд нь Орос улс ийм хориг хүчин төгөлдөр болбол Европт нийлүүлэх байгалийн хийгээ зогсоож магадгүй гэж анхааруулаад байна.

АНУ, Европ ямар шийдвэр гаргав?

Бараг 7 хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас бүх газрын тос, байгалийн хий, нүүрсийг тус улсад оруулахыг хориглож байгаагаа зарлав. Энэ тухайгаа тэрээр "Бид Путины дайнд татаас өгөхөд оролцохгүй" гэж хэлсэн.

Мөн Их Британийн засгийн газар АНУ-ын араас Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүний импортыг 2022 оны эцэс гэхэд зогсооно гэж мэдэгдлээ.

Их Британийн нийт хэрэглээний 8 хувийг эзэлдэг Оросын нефтийг орлох бүтээгдэхүүн олоход тэдэнд  шилжилтийн үе хэрэгтэй болно.

Мөн Европын холбоо Оросын эрчим хүчний хараат байдлаа бууруулах төлөвлөгөөгөө танилцуулж, энэ оны эцэс гэхэд эрэлтээ гуравны хоёроор бууруулна гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс илүү хамааралтай Европ дахь холбоотнууд Оросын эрчим хүчний хоригт нэгдэж чадахгүй гэдгийг Ерөнхийлөгч Байден хүлээн зөвшөөрсөн.

Энэ ч ёсоор Герман, Нидерланд улс ОХУ-аас газрын тос импортлохыг хориглох саналаас татгалзсан байна.

Герман Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай. Тиймээс Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг хязгаарлах нь тус улсын хувьд эмзэг асуудал.

Барууны орнууд Оросын нефтийн нийлүүлэлтэд хориг арга хэмжээ авбал хариуд нь Орос Герман руу хий дамжуулах гол хоолойг хаана гэж сүрдүүлэв.

Оросууд Украин руу довтолсны дараа Оросоос Герман руу чиглэсэн "Хойд урсгал 2" хийн хоолойн баталгаажуулалтыг түр зогсоосон ч оросын хийг бусад замаар дэлхий даяар экспортолсоор байна.

Орос хэдий хэмжээний газрын тос, хий экспортолдог вэ?

Орос улс газрын тосны олборлолтоор дэлхийд АНУ (1-р байр), Саудын Арабын дараа гуравдугаарт ордог.

Тус улс өдөрт дунджаар 4.5 сая гаруй баррель газрын тос экспортолдог бөгөөд үүнийхээ талаас илүү хувийг Европ руу гаргадаг.

АНУ Оросын нефтээс бага хамааралтай. 2020 онд АНУ-ын  импортолсон газрын тосны нийт хэмжээний ердөө 3 орчим хувийг Орос улс бүрдүүлжээ.

Газпром 2021 онд 185.1 тэрбум шоо метр хий гадаадад экспортолсон байна. Европын ихэнх хэсэг нь Оросын хийнээс ихээхэн хамааралтай.  ЕХ-ны орнууд нийт импортын байгалийн хийн 40 орчим хувийг Оросоос авдаг.

Европ Оросын хий, газрын тосгүйгээр байж чадах уу?

Хэрэв Орос байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоовол Итали, Герман хамгийн их хохирол амсах болно. Учир нь эдгээр улс Оросын хийнээс хамгийн хамааралтай байдаг.

Харин Их Британийн хувьд  Оросын эрчим хүчнээс Европын бусад орныг бодвол бага хамааралтай. Гэсэн хэдий ч нийт нийлүүлэлтийн 8%-ийг Орос хангадаг. Түүнчлэн Оросын дизель түлшний  импорт18% -ийг эзэлж байна.

АНУ оросын хийг импортолдоггүй ч дэлхийн бусад хэсэгт нийлүүлэлт тасалдсанаас болж Их Британи болон АНУ-д  хийн үнэ нэлээд өндөр хэвээр байна.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак хэлэхдээ, “Оросын нефтээс татгалзах нь дэлхийн зах зээлийг сүйрлийн үр дагаварт хүргэнэ" гэжээ.  Баррель газрын тосны үнэ 300 доллараас давж магадгүй юм.

Энэ тохиолдолд улс орнууд өөр эх үүсвэрээс  нийлүүлэлт хангалтаа зохион байгуулах шаардлагатай бөгөөд  харин энэ нь  байгалийн хийний  хувьд тун ч амаргүй байдаг.

Эрчим хүчний өөр эх үүсвэрийг ашиглах боломжтой юу?

Европт байгалийн хийн өөр эх үүсвэр олох нь амаргүй гэж эрчим хүчний бодлогын шинжээч Бен МакВильямс хэлэв.

Хэрэв Орос Европ руу нийлүүлэлтээ зогсоовол Европ АНУ-аас шингэрүүлсэн хий (LNG) импортлох боломжтой болно гэж судалгааны Брюгель төв үзэж байна.

Шинэ бодит байдалд улс орнууд эрчим хүчний өөр эх үүсвэр ашиглах боломжтой ч үүнд маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаардагдана.

Шинжээч Симона Таглиапиетра "Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад цаг хугацаа шаардагдах тул богино хугацаанд асуудлыг шийдэж чадахгүй" гэж хэлэв.

Өөр нэг сонголт бол эрчим хүчний хэрэгцээг бууруулах явдал юм. "Хэрэв бид Оросын газрын тос, байгалийн хий Европ руу явдаггүй  нөхцөл байдалд орвол хэрэглэгчдэд хязгаарлалт хийх шаардлагатай болно" гэж Бен МакВильямс хэлэв.

Ийм нөхцөлд айл өрхүүд хийн хэрэглээгээ хэмнэхийн тулд термостатын температурыг нэг градусаар бууруулахад бэлэн байх эсэх юм.

Ирэх өвлийн хувьд Итали, Герман улс онц байдлын үед нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг нээх гэх мэт өөр төрлийн түлш рүү шилжих нь нөхцөл байдлыг аварч чадна” гэв.

Газрын тос, байгалийн хийг өөр хаанаас хангаж болох вэ?

АНУ Саудын Арабаас газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхийг хүсч байгаа ч үнийг бууруулах хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.

Саудын Араб бол ОПЕК-ийн хамгийн том гишүүн орон юм. Энэ байгууллага нь дэлхийн газрын тосны нөөцийн 60 орчим хувийг хянадаг тул ОПЕК нефтийн үнийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг.

Орос улс ОПЕК-ийн гишүүн биш боловч 2017 оноос хойш тус байгууллагатай хамтран газрын тосны олборлолтод хязгаарлалт тогтоож, улмаар үйлдвэрлэгчдийг ашигтай байлгахаар ажиллаж байна.

АНУ мөн Венесуэлийн газрын тосны хоригийг зөөлрүүлэх талаар хэлэлцэж байна. Венесуэль өмнө нь АНУ-ын газрын тосны гол нийлүүлэгч байсан бол сүүлийн үед тус улс газрын тосоо Хятадад голчлон зарах болон.

Европ одоо хий экспортлогч Катар, Алжир, Нигер зэрэг орнууд руу хандаж магадгүй ч үйлдвэрлэлийг хурдацтай өргөжүүлэхэд бодит саад бэрхшээл тулгарч байна.

Эх сурвалж: ВВС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.