Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхийн олон улс оронд “COVID-19”-ийн шинжилгээний тоо эрс буурч, улмаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг коронавирус хаана, хэрхэн тархаж, хувьсан өөрчлөгдөж байгааг судлахад хүндрэл учруулж байгааг лхагва гарагт анхааруулжээ.
Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоо буурч, олон оронд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалж байгаа ч цар тахал дуусах болоогүй байгааг онцлоод, “цар тахал хаа сайгүй дуусгавар болох хүртэл хаана ч дуусахгүй” гэдгийг тодотгосон байна.
ДЭМБ лхагва гарагт “COVID-19”-өөр халдварласан эсэхээ өөрөө оношлох тухай шинэ удирдамжийг танилцуулсан бөгөөд шинжилгээний төвүүдэд хийх шинжилгээн дээр нэмэлтээр өөрийгөө оношлох шинжилгээг санал болгохыг зөвлөсөн байна. Хэрэглэгчид өөрийгөө шинжлэх найдвартай, баталгаатай оношлуур хэрэглэснээр шинжилгээний хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах боломжтой гэдгийг холбогдох мэдээлэл харуулж байгааг тэрбээр эш татжээ.
Украин дахь нөхцөл байдлын тухайд Т.Гебрейесус хэлэхдээ, ДЭМБ одоогийн байдлаар тус улсад 81 тонн тусламж үзүүлээд байгаа бөгөөд Украин даяарх эмнэлгийн байгууламжуудад тусламж үзүүлэх хоолойг байгуулж байгаа гэсэн байна. Мөн ДЭМБ үүсээд буй хямралыг энхийн замаар шийдвэрлэх, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст аюулгүй, саадгүйгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийг ОХУ-д үргэлжлүүлэн уриалж байгааг уламжилжээ.
Montsame.mn
Сэтгэгдэл бичих