2020 оны сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Нидерланд улсын иргэн, давхар иргэншилтэй гэж “Ард”-ын Ч.Ганхуяг мэдэгдэн шуугиан тарьж байсан. Монголчуудын дунд сенсаци болоод мартагдсан сэдвийн нэг. Тэгвэл саяхнаас Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч байх үед Г.Амартүвшинг Монгол Улсын харьяатаас гаргасан тухай мэдээллүүд цахим орчинд дахин нийтлэгдэх болов. Шуугиан дэгдээгээд мартагдсан уг асуудлыг УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа.
-Г.Амартүвшин: Хуулийн байгууллагад гомдол гаргасан-
Тэрбээр “2020 оны сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм мэдээлэл гарч, намайг анх гүтгэж байсан. Тухайн үед би хангалттай тайлбарууд хийсэн. Ямар сенсацийг дарах гэж ийм гүтгэлэг дахин тарааж байгааг мэдэхгүй байна. Нэгдүгээрт Ерөнхийлөгчийн зарлиг гэж гаргаж ирсэн бичиг бол фотошоп. Огт өөр агуулгатай Ерөнхийлөгчийн зарлигийг өөрчилж худал мэдээлэл цацаж байна. Миний хувьд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргаж байгаагүй. Би Монгол Улсын иргэн. Хоёрдугаарт Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын иргэн гэдгийг минь нотлох бичиг баримтыг, Нидерланд улсын Засгийн газрын төлөөллийн байгууллагаас тус улсын иргэн биш гэдгийг нотолсон нотолгоог авсан. Та нарт харуулж болно. Ерөнхийлөгчийн зарлигийг фотошопоор янзалж нэр төрд минь халдаж байгаа тул Ерөнхийлөгчийн Тамгын газарт бас хандах бодолтой байна. Төлбөртэй гүтгэлэг тарааж байгаа хүмүүсийг олж тогтоож өгөхийг хүсэж хуулийн байгууллагад гомдол гаргасан. Тиймээс худлаа мэдээлэлд итгэх хэрэггүй. Төлбөрт гүтгэлгээ зогсоохыг хүсэж байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Засгийн газар”-т чиглэл өгөх тухай 2014 онд гаргасан зарлигийг фотошоп дээр янзалж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Монгол Улсын харьяатаас гаргасугай болгон өөрчилсөн баримтыг уншигч та харж байна. Ерөнхийлөгчийн зарлиг дээрх он, сар, дугаар бүгд нэг байгаа юм.
Сэтгэгдэл бичих