Төгөлдөршилөөс өмнө төлөвшил ярьдаг байя


Админ
3-р сарын 17
7 цаг 00 минут

Улс төрчдийн үгийн санд “төгөлдөршил” гэх үг идэвхтэй хэрэглэгддэг болов. Нэг ёсны моод хандлага болж байх шиг байна.  Анх энэ үгийг улс төрд амилуулсан хүн нь Ерөнхий сайд асан С.Баяр. 2009 онд түүний анх дэвшүүлэн тавьж байсан таван төгөлдөршил ихэнх хүний ой санамжид явдаг байх. Харамсалтай нь тэр таван төгөлдөршил “дампуурчихсан” гэж хэлж болно.

Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын таван төгөлдөршилд: Стратегийн том ордуудын ашиглалт, иргэний бүртгэл мэдээлэл,нийгмийн баялгийн хуваарилалт, сонгуулийн шударга тогтолцоо, төрийн албыг хамарсан таван төгөлдөршил нэрлэгдэж байв. Тэрбээр энэ тавынхаа эхний гурвыг  хэдийнэ  хэрэгжээд эхэлсэн хэмээн мэдээлж байв.

Тухайлбал, Оюутолгойн гэрээг байгуулсан, сонгуулийн амлалтын иргэн бүрд хүртээх нэг сая төгрөгөө баялгийн хуваарилалтын “төгөлдөршил”-дөө багтааж хэлсэн нь тэр байв. Тэгсхийгээд мартагдсан таван төгөлдөршлийн сүнс сүлд одоо ч улс төрд идэвхтэй яригдсан хэвээр байна. Зарим талаар бүр хүрээгээ тэлэв.

Улстөрийн намын  төгөлдөршил,  төрийн албаны төгөлдөршил, бүр үйлчилгээний  төгөлдөршил  гэхчлэн ярьж л байна. Тэглээ гээд төгөлдөршиж байгаа юм харагдаж эхлээгүй л байх шиг. Яахав ярьж байгаа нь сайн хэрэг юм.

Мягмар гарагт УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ энэ төгөдөршил гэдэг үгийг дурдахаа бас мартсангүй. Тодруулбал,  “...сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон” хэмээв.

Тэгэхээр энд парламентын төгөлдөршлийн тухай яригдаж байна гэсэн үг. 

Энэчлэнгээр “төгөлдөршил”  Монгол мөрөөдөл болсон уу, “моод загвар” уу гэдгийг ялгаж салгахын тулд цаг хугацаа хэрэгтэй биз. Ямартай ч ярьж байгаа нь сайн хэрэг. Яагаад гэвэл “төгөлдөршил” гэдэг төгс сайныг илэрхийлсэн үг. Энэ утгаар нь олзуурхахаас өөр аргагүй.

Гэхдээ харагдаж, үгүйлэгдэж буй нэг логик гэвэл төлөвшил. Өөрөөр хэлбэл  төгөлдөршилд  хүрэхийн  улд эхлээд төлөвшиж буурь сууриа тавина гэсэн үг. Яг л барилгын суурь шиг.

Жишээ нь Монголд улс төрийн олон намын тогтолцоо үүсээд 30 гаруй болж байна. Уг нь чамлахаар хугацаа биш ч улс төрийн хүчнүүд төгөлдөрших нь байтугай төлөвшиж ч чадахгүй төөрч мунгинаж байгааг Ардчилсан намын өнөөгийн жишээнээс харж болно.

Ардчилсан сонгуулиар төрөө төвхнүүлдэг жишигт шилжээд мөн л гурван арваныг ардаа орхив. Гэвч сонгуулийн тогтолцоогоо өнөөдөр хүртэл тогтож чадаагүй, иргэдийн төлөөлөл нь газар нутгийн буюу тойргийн төлөөлөл болчихсон, төлөөлөл төрд жигд хангагдаж чадаагүй хэвээр байна. Ийм нөхцөлд төгөлдөршил биш төлөвшлийн тухай ярих нь амьдралд арай ойр байх сан.

Монголд хамгийн их үгүйлэгдэж байгаа нь юун төгөлдөршил байтугай төрийн албаны төлөвшил юм.

Цагаан дээр хараар бичсэнээр бол Төрийн албаны эрхэм зорилго нь “Иргэдэд ойр, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн, өөрчлөгдөж буй орчинд уян хатан зохицож чаддаг бөгөөд идэвхтэй, санаачлагатай манлайлагч менежер бүхий цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэх”-д оршино гэжээ. Энэ төлөвшлийг иргэд Монголын төрийн албанаас 30 жил хүлээж байна.

Энэчлэн харвал өнөөдөр Монголын нийгмийн амьдралд, тэр дундаа улс төрд  төгөлдөршил  биш,  өлөвшил нь илүү ойр байгаа юм. Төлөвшиж  дуусаад төгөлдөршлөө ярьцгаая, тийм үү

М.Нэргүй

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.181.166Зочин   • 2022, 3 сарын 17. 8 цаг 54 минут

С.Баяр 5 төгөлдөршил гээд ард түмнийг хулхидаад Оюутолгойн луйврын гэрээ байгуулж, Монгол улсыг хохироосныхоо шанд АНУ-д 7 хаусыг авилгалаар авч эх орноосоо урвасан луйварчин. Занданшатар бол түүний дотны шавь. Хүчин хийдэг Анандбазар ч мөн С.Баярын шавь. Жастын Батхүү гээд олон луйварчид Баяр багшаасаа сурсан луйвраар улс орныг өрөнд оруулж хохироосон. Энэ хүмүүсийг нэн даруй төрөөс зайлуулж, ялыг нь эдлүүлэх ёстой.



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.