Э.Бат-Эрдэнэ: Украин миний эх орон шиг улс байсан


Admin
3-р сарын 15
16 цаг 15 минут

Украинд тав дахь жилдээ суралцаж буй Монгол залуу Э.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр сургуулиа дүүргэхэд дөрвөн сар дутуу байсан бөгөөд дайны улмаас түр саатаж эх орондоо ирээд байгаа юм.


-Сайн байна уу. Юун түрүүнд эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Дайны голомтоос эсэн мэнд ирсэндээ баяртай байгаа ч бага зэргийн харамсалтай байна. Яагаад гэвэл Украин миний эх орон шиг улс байсан. Найзууд минь хүртэл тэнд үлдсэн болохоор их хорогддог юм байна. Мөн сургуулиа дүүргэхэд дөрөвхөн сар дутуу байсан.

-Аль хотод нь ямар мэргэжлээр суралцаж байсан бэ?

-Харьковын Үндэсний авто замын их сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцаж байсан.

-Харьков гэхээр дайны голомт болсон хот байна шүү дээ. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярихгүй юу?

-Дайны довтолгоо хоёрдугаар сарын 24-ний үүрийн 04:30 гэхэд аль хэдийнэ эхэлчихсэн байсан. Манай хотод 5 цагийн үед бөмбөгдөлт мэдрэгдсэн. Тухайн үед байдал маш хүнд байсан болохоор оюутнууд хамаг юмаа хаяад шууд л метро руу гүйсэн. Учир нь Украины бүх метро дайны зориулалтаар баригдсан байдаг тул хамгийн сайн нуувч болдог. Тэнд нийтдээ 18 оюутан байснаас 10 нь метрондоо үлдэж 8 оюутан нь дайн нэг их удахгүй байх гэж бодоод дотуур байр луугаа явж подвальд нь байрлаж байсан. Би тэр найман оюутны нэг. Гадуур дүрвэж байгаа ганц хоёр машин л явдаг байсан. Ер нь хөл хөдөлгөөн байхгүй, банк хаалттай, хэдхэн хүнсний дэлгүүр ажиллана. Тэр нь дүүрэн хүнтэй, хэрэгцээтэй хоол хүнс ховор, дандаа хүний биед хор болох лаазалсан бүтээгдэхүүнүүд нь л байна. Мөн дэлгүүрийн ус дуусчихсан болохоор карантны ус уудаг байсан. Одоо байдал улам дордсон байх.

-Монгол Улсын Засгийн газраас та бүхэнтэй холбогдсон уу, ямар заавар зөвлөмж өгсөн бэ?

-Монгол Улсын ГХЯ, Польшийн Элчин сайдтай хоёр дахь онлайн уулзалт хийхэд хэрвээ дайн болох юм бол оюутнуудаа авна гэж байсан л даа. Тэгээд дараагаар нь дайн болох өндөр магадлалтай болчихлоо гэж нэг хуралдсан. Тэгсэн л хоёр хоногийн дараа дайн эхэлсэн. Тийм болохоор түрүүлж эх орондоо ирэх ямар ч боломж байгаагүй. Дайн эхэлснээс хойш Б.Болд гэдэг хүнтэй байнга холбоотой байсан. Дайны голомтод байгаа биднийг хурдан хугацаанд авах хэцүү байсан байх. Санаа зовж, болгоомжтой, тайван байгаарай аль болох хурдан авна гэсэн тиймэрхүү л зүйлс хэлж тайвшруулж байсан.

-Хамт явсан залуусаа удирдаж, мөн хүний амь аварсан гэж сонссон. Тэр талаараа яриач?

-Дайны зургаа дахь өдөр Львов хотод амьдардаг н.Энхзаяа эгч залгаад "Та нарт маш бага хугацаа байна. Яаж ийгээд машин тэрэг олоод хурдан байрнаасаа гараад яваад ир. Яг одоо гараарай. Тэгэхгүй бол амжихгүй шүү" гэсэн. Тэгээд бид бөөн юм болж вагон дээрээ иртэл тэнд байдаг Украин эхнэртэй Монгол ахыгаа мартчихсан байсан(инээв). Тэгээд залгаад хамт явъя гэтэл "Эхнэр нь хоёр хүүхэдтэй болохоор хол замд явахад хэцүү цаг ч бага байна явахгүй" гэхээр нь н.Энхзаяа эгчид хэлж яриулаад явуулахаар болгосон. Тэгэхээр нь би 10-20 минут алхаж хүрэх газар тасралтгүй гүйсээр очиж авчирсан. Дайны үед хаа сайгүй бөмбөгдөлт болж байхад тайван алхах боломжгүй шүү дээ. Энийг л аварсан гэж ярьсан байх(инээв).

-н.Энхзаяа гэх эмэгтэй та нарыг өмнө нь таньдаг байсан уу?

-Үгүй ээ. 20 гаран жил Украинд амьдарсан жирийн нэг Монгол хүн. Тэр эгч байгаагүй бол бид одоо үхчихсэн байгаа. Учир нь бидний суусан вагон хамгийн сүүлийн вагон байсан. Тэр вагонаас хойш бүх хөдөлгөөнийг хязгаарласан. Биднийг зоригжуулж маш их тус хүргэсэн. Шөнө очиход дөрвөн автомашин бэлдчихсэн тосож аваад нөгөө гэр бүлтэйгээ явж байсан Монгол ахыг буудалд байрлуулаад биднийг гэртээ хонуулж, сайхан хоол ундаар дайлж, яриа өрнүүлсэн. Өглөө нь хоёр Украин найзаа дуудаж хил давуулж өгсөн. Гавьяа шагнал байдаг бол тэр эгчид өгөх ёстой.

-Дайны талаар дам яриа түрүүлж гарсан уу?

-Сарын өмнөөс тиймэрхүү яриа гараад эхэлсэн. Тэр үед I-III курсийн оюутнууд эх орон руугаа буцаж хэлний бэлтгэл болон төгсөх ангийн оюутнууд үлдсэн. Учир нь биднийг явбал “Сарын дараа эргэж ир” гэсэн шаардлагыг сургуулийн зүгээс тавьсан. Миний хувьд арай ч дайн болохгүй байх XXI зуун шүү дээ гэж л бодож байсан(инээв). Тэгсэн дайн эхэлчихдэг юм билээ.

-Өөрийн тань хувьд дайн болохгүй гэдэгт итгэчихсэн байж. Тэгсэн дайн болоод бүр бөмбөг дэлбэрлээ. Тэр мэдрэмж ямар байсан бэ?

-Хүчтэй тэнгэр дуугараад газар хөдөлж байгаа юм шиг аймар доргилт өгөөд жаахан эвгүй л байдаг юм билээ. Цаг цагийн зайтай бөмбөг дэлбэрсэн. Бид шөнө ч унтаж чаддаггүй байсан. Байж байгаад л цочиж, айж сэрнэ. Манай метронд үлдсэн 10 оюутны байсан хэсгээр бүр их хүчтэй мэдрэгдсэн гэсэн.

-Тэнд байгаа найз нөхөд, сургуулийн багш нартайгаа холбоо тогтоосон уу?

-Хоёр хоногийн өмнө украин найзтайгаа ярихад нөхцөл байдал хүнд байна. Дэлгүүрүүдийн хүнс хомстож эхэлсэн. Чадах чадахаараа нэгэндээ туслаад явж байна гэсэн. Сургуулийнхаа декантай ярихад "Амьд байна. Өөр хотод ирсэн. Манай хот аймар болчихсон" гэсэн.

-Украинчууд ер нь ямархуу хүмүүс вэ. Дайн болно гэдэгт итгэж байсан болов уу?

-Маш сайхан сэтгэлтэй, тусархуу хүний төлөө гэсэн сэтгэлтэй ард түмэн. Бидэнд байнга л санаа тавьж асуудаг байсан. Та нарыг Засгийн газраас чинь авах юу болсон бэ. Яагаад авахгүй байгаа юм гээд л их санаа тавьж анхаардаг байсан. Украинчууддаа хайртай. Дайны хувьд бол бидний үеийн залуучууд болохгүй л гэж бодсон. Биднээс арай ахимаг насны хүмүүс бол магадгүй гэж харж байсан. Учир нь 2014 онд Украин Орос хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж байсан шүү дээ.

-Маш олон иргэд эх орноосоо дүрвэсэн байх. Тийм үү?

-Тийм.Тухайн үед маш их хүмүүс дүрвэсэн. Гэхдээ 18-60 насны эрчүүдийг хилээр гаргахыг хуулиар нь хорьчихсон байсан болохоор дандаа эмэгтэйчүүд, хүүхдүүд л гарч байгаа. Зарим нь насанд хүрсэн хүүхдээ үлдээхгүйн тулд үхсэн ч хамтдаа үхнэ гээд гэртээ хамт байгаа гэсэн.

-Тухайн хотод Орос оюутнууд байсан уу. Орос Украинчууд хоорондын харилцаа хэр вэ ?

-Миний танил дунд Орос хүн байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг бичигдээгүй дүрэм байдаг гэсэн. Украинд Оросын төрийн дууллыг дуулах, Орост Украины төрийн дууллыг дуулахыг хориглодог гэж байсан. Хэрвээ дуулбал бага зэргийн үймээн самуун болдог гэдэг юм билээ. Мөн украинчууд энгийн иргэддээ буу тарааж эхэлснээс хойш нэгнээ гадуурхах үзэл их гарч үймээн самуун дэгдсэн гэсэн.

- Дайн дуусвал Украин руу буцах уу?

-Дипломоо аваад тэндээ мэргэжлээрээ ажиллаж амьдарна гэж боддог байсан ч одоо бараг худлаа болж байх шиг байна. Маш их юм өөрчлөгдөж байна. Надад ч гэлтгүй дэлхийн бүх улс орнуудад өөрчлөлт гарч эхэлнэ. Орос бараг бүх улсаас тусгаарлагдаж байна. Тиймээс бүх хүний амьдралд өөрчлөлт орох болохоор цаашид юу болохыг сайн хэлж мэдэхгүй байна. Одоохондоо Монголдоо байна.

 

М.САЙНЗАЯА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.179.26.151Зочин   • 2022, 3 сарын 17. 10 цаг 31 минут

dainiig bieeree mederch mongolchuuddaa dainii tuuhiig yarij oilguulj baigaa n ih saihan baina.

202.179.25.105zochin   • 2022, 3 сарын 15. 17 цаг 36 минут

aschgui esen mend irj. Dain zogsoosoo bilee !!



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.