Өнөөдөр олон улсын асуулт асуух өдөр


Админ
3-р сарын 14
10 цаг 51 минут
Жил бүрийн 3 сарын 14-нд олон улсын асуулт асуух өдөр юм. Асуулт бол хүн төрөлхтөнг юмс суралцах, бие биетэйгээ харилцахад хамгийн чухал үйлдлийн нэг. Харамсалтай нь зарим хүмүүс асуулт асуухад тийм ч таатай байдаггүй, эсвэл тэднээс хэрхэн асуухаа ч мэддэггүй. Энэ өдөр нь мэдлэгийг бий болгож, оюун ухаанаа нээж, хэрхэн яаж асуулт асуухыг заах зорилготой. Хүмүүс эргэн тойрныхоо ертөнцийн талаар илүү ихийг мэдэх нь түүнд янз бүрийн баяр баясгалант, сэтгэл татам, сониуч мэдээллүүдийг өгөх болно.
Олон улсын асуулт асуух өдөр нь Альберт Эйнштейний төрсөн өдрөөр болдог. Тэрээр сониуч занг их өндрөөр үнэлдэг байсан нь энэ өдрийн бэлэг тэмдэг болох шалтгаан болсон юм. Сониуч занг асуултуудаас илүү илэрхийлэх юу ч байхгүй билээ. Түүний харьцангуйн онол, E=MC2 нь физикчдийн орон зайн талаарх ойлголтыг өөрчлөхөд тусалсан. Эйнштейний физикийн салбарт хийсэн ажил нь эцэстээ атомын бөмбөг бүтээхийг урьдчилан мэдсэн. Мөн түүний гэрлийн тухай долгион ба бөөмсийн урсгал хоёулаа байдаг гэх ойлголт нь орчин үеийн квант механикийг бий болгоход тусалсан. Тэрээр 1921 онд Физикийн чиглэлээр Нобелийн шагнал хүртэж, 20-р зууны хамгийн алдартай, нөлөө бүхий эрдэмтдийн нэг болжээ.
Монголчууд бид бас их сониуч ард түмэн. Бидний сониуч байдлыг утга зохиолоос авхуулаад түүх, соёл урлаг, тоглоом наадгай дээрээс харж болно. Сониуч занг хамгийн сайн үзүүлсэн зохиол бол Лодонгийн Түдэв зохиолчийн “Хорвоотой танилцсан түүх” юм. Монгол хүний сониуч зан нь хүүхэд наснаас эхлэж байдгыг үзүүлсэн санагддаг. Харин хувь хүн гэвэл 1880 оны сүүлчээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ядуу ард Хайнзангийн хүү болон мэндэлсэн Гэлэнхүү юм. Түүний юм бүхнийг сонирхож, элдэв зүйлийг хүсэж мөрөөдөж явдаг нь үлгэр домог, намтар түүх болон үлджээ. Анх онгоц нисэж байгааг хараад шувуудын өд цуглуулж өөрийн гэсэн далавч хийж, Дүнтэрийн цохион дээрээс ухасхийн үсэрч, хиймэл жигүүрээ дэлгэн хоёр гараа дэвсээр цохионы доор бөөгнүүлж хураасан хонин дунд буусан гэдэг. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод түүнийг далавчтайгаар дүрслэсэн хөшөө буй. Үүнээс гадна бид сониуч зангийн илрэлээ өдөр тутмаасаа ч харж болно. Битгий уншаарай гэсэн зүйлийг заавал унших гээд байдаг, тэр ингэж тэгж гэсэн юмийг заавал чих тавин сонсох гэж улайрдаг, сонирхол татсан гарчиг болгоныг уншдаг нь бүгд сониуч зангийн бас нэгэн илэрэл юм. Нэрт эрдэмтэн М.Позднеев 1871 онд Монголчуудын талаар дүрслэн бичсэн Монсудараас гаргасан номонд Монгол хүмүүс ямар ч саваагүй, сониуч зантай хэмээн өгүүлсэн байсан. “Монголчууд илэн далангүй, үнэнч, зочломтгой, хөгжилтэй, ажилсаг, биеэ даасан, эелдэг, сониуч зантай, хошин шогийн мэдрэмжтэй гэдгээрээ алдартай” гэж “National Geographic” сэтгүүл дээр дурдсан байдаг. Ингээд хараад байхад бид төрөлхийн сониуч зантай ард түмэн.
Асуулт асуух нь мэдээлэл цуглуулахад туслахаас илүү ихийг хийж чадна. Энэ нь хүмүүстэй харилцаа тогтоох боломжийг бий болгох, сэтгэх, асуудлыг шийдвэрлэх, зорилгоо тодорхойлох гэх мэт олон зүйлийг хийх боломж олгодог. Тиймээс ч “мэдэхгүй байгаагаасаа бус мэдхийг хүсэхгүй байхаасаа л ич” гэсэн үг байдаг.
Зарим хүрээлэлд, ялангуяа их сургуулийн хувьд оюутнууд бүх хариултыг аль хэдийн авсан байх ёстой гэж боддог. Гэвч бодит байдал дээр асуулт асууж байгаа зорилго нь цаг хугацааны явцад асуултынхаа хариуг олсноор дараагийн илүү олон асуулт асуух явдал юм. Энэ байдал хүүхдүүдийн дунд ч гэсэн их анзаарагддаг. Хүүхэд бол сониуч зангийнхаа л ачаар сурч, хөгждөг. Гэтэл тэд өөрсдийгөө дайчлах нь бас л ховордож байна. Гар, толгой хоёроо ажлуулахгүй байна. Хүүхдийн тархи алхам тутамдаа аливааг өөрөө хийж байхдаа л ажиллаж, байнга хөгжиж байдаг. Гэтэл өмнөөс нь хийж чадах зүйлийг нь хийж өгөөд байна. Хувцсыг нь өмсгөж, нүүр гарыг нь угааж өгөөд өмнөөс нь бүгдийг хийж өгөөд байхаар хүүхэд үйлчилгээ “хүсэгч” л болно. Монгол ёс заншил уламжлалд бид хүүхдийн сониуч занг нь хөгжүүлж, хүсэл зорилгоор дүүрэн, гал цогтой байхыг заадаг. Үлгэр уншиж, хамт тоглож, ямар нэгэн зүйл хийх хүслийг нь өдөөгөөрэй.
Сэтгүүл зүйн сургуульд хамгийн эхлээд мэдээний талаарх хичээл ордог бөгөөд мэдээ нь 5W1H гэсэн асуултанд хариулж байвал маш сайн гэж үздэг. Энэхүү 5W нь Who? What? When? Where? Why? буюу хэн, юуг? хэзээ? хаана? яагаад? гэсэн асуултууд бол 1Н нь How? буюу яаж? гэсэн асуулт байдаг.
Бид ч бас өглөө бүр нийт сонсогчдоосоо “Та мэдэх үү?” нэвтрүүлгээрээ асуулт асуун мэдлэг, мэдээллийг тань тэлж, сониуч занг тань хөдөлгөхийг хичээн ажилладаг билээ. Асуулт асуухаас бүү эмээгээрэй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.