ТОЙМ:Хөшигийн хөндий таталцлын бүс болж, Хөгжлийн банкны шалгалтын дүн нууцаас гарав


Админ
3-р сарын 13
7 цаг 00 минут

Хөшигийн хөндий рүү төрийн захиргааны зарим байгууллагыг нүүлгэнэ

Засгийн газрын хуралдааны дараа Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр Хөшигийн хөндийд шинэ хот барих асуудлыг үе шаттай судлан төлөвлөж байна. 150 мянган хүн амьдрах  хот төлөвлөлтийг хийж байна. Төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсан. Ингэснээр Хөшигийн хөндийн төлөвлөлтөд төрийн ямар байгууллага гарах уу гэдгийг судалж, эдийн засгийн таталцал, хүн амын төвлөрлийг бий болгохоор судалж байна. Эхний хэсэгт онгоцны буудал тойрсон дэд бүтцийн зургийг хийж дууссан. Хөшигийн хөндийд улсын тусгай хэрэгцээнд онгоцны буудал тойрсон 12 мянган га газрыг авсан. Энэ бол 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрөгч оноос 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Ингэснээр 31 мянган га газарт хот байгуулалтын ажлыг хийх ёстой. 19 мянган га газарт өнөөдрийн байдлаар 3100 гаруй аж ахуй нэгж байгаа. Хуулийн дагуу ашиглагдаагүй 200 гаруй нэгж талбарыг хүчингүй болгож байна. Зарим газарт нь хаашаа барьж, мод тарьсан газар байгаа. Түүнийг бид үнэлнэ. Нөхөн олговрын асуудал үе шаттай яригдана.

Хөгжлийн банкны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргажээ

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банканд 2016 онд хийсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргажээ.

2016 онд Хөгжлийн банканд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болгох тухай саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ирүүлсэн. Энэ хугацаанд ямар ажлууд замхарсныг ил тод болгохыг хүсч байна. 130 хуудас материал ил болно.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхлэв

Засгийн газар хуралдаж, “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгожээ. Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгасан юм.

 Тэгвэл өнгөрөгч баасан гарагт тус замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Энэхүү төмөр зам нь 226 км бөгөөд  зургаан сарын дотор барьж байгуулж ашиглалтад өгөх шахуу төлөвлөгөөтэйгээр ажлаа эхэллээ. Бүтээн байгуулалтад 3500 орчим хүн оролцож байгаа бол ашиглалтад орсны дараа 1800 хүн байнгын ажлын байртай болно гэсэн тооцоолол бий.

Х.Баттулга  улс төрд эргэн ирж АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлжээ

Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тиймээс тус намын Сонгуулийн хороо өнөөдөр /2022.03.10/-аас эхлэн намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж эхлээд буй. Тэгвэл тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь өрсөлдөхөө илэрхийлж, бүртгүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Ардчилсан нам С.Эрдэнэ, О.Цогтгэрэл тэргүүтэй хоёр хуваагдсан бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Цогтгэрэлийн тэргүүлж буй АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлжээ. 

Д.Монголхүүг МоАХ-ны даргаар сонголоо

Даваа гарагт /2022.03.07/ МоАХ-ны тавдугаар их хуралд оролцогчдын саналаар МоАХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулж, МоАХ-ны даргаар Д.Монголхүүг сонгожээ. Хурлын үеэр  заалнаас Ц.Элбэгдорж, Д.Монголхүү, А.Цэрэнбат, Д.Сосорбарам, Ц.Сүхбаатар нарын нэрийг МоАХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн бөгөөд Д.Монголхүүгээс бусад нь нэрээ татсан юм.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.