Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн” боллоо. Говьсүмбэр аймгийн нийт газар нутгийн 98 хувь нь их бага хэмжээгээр газрын доройтолд өртөн цөлжөөд байгаа юм. Тиймээс цөлжилт, шар шороон шуурганы давтамжийг бууруулах төлөвлөгөөг аймгийн удирдлагууд боловсруулж 2030 хүртэл хугацаанд 5 сая мод тарихаар болжээ.
Зөвлөгөөний үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам “2014-2021 оны хооронд манай аймаг улсын болон орон нутгийн төсөв ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандив тусламжаар 38.7 га талбайд ойн зурвас, аймгийн болон сумдын төвд 28.2 га талбайд нэг цэцэрлэгт хүрээлэн, зургаан бичил цэцэрлэг байгуулж чадсан. Цаашид Говьсүмбэр аймгийн уур амьсгалд дасан зохицсон өнгө үзэмжтэй олон төрөл зүйлийн модыг тарьж ургуулна. Мөн өнгөрсөн хугацаанд тарьсан модоо арчилж хамгаалахад анхаарч ажиллана. Мод тарих нь цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх үр дүнтэй арга тул иргэдийн оролцоо хамгийн чухал” гэдгийг онцолж байсан юм.
Говьсүмбэр аймгийн “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Монгол орны цөлжилтийг судалдаг эрдэмтэд төлөөлөгчөөр оролцож Говьсүмбэр аймгийн иргэдэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. Мөн говь тал хээрийн бүсэд мод тарих арга аргачлалыг танилцуулж, байгалийн доройтолтой тэмцэхээр сэтгэл гарган ирсэн Говьсүмбэрчүүдийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан юм.
Энэ үеэр Говьсүмбэр аймагт 5 сая мод тарих стратеги төлөвлөгөөг мөн танилцуулсан. Ирэх 8 жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2.8 сая мод, Шивээговь суманд 900 мянган мод, Баянтал суманд 800 мянган мод, Төмөр замын зурваст 500 мянган мод тарихаар төлөвлөөд байна. Нийт тарих модны 5 хувь нь нарс, шинэс, жодоо зэрэг шилмүүст мод, 40 хувьд улиас, хайлаас, голт бор, агч, монос зэрэг навчит мод, 20 хувьд сөөг ургамал, 35 хувьд иргэд үр шимийн хүртэж болох алим, чацаргана, үхрийн нүд зэрэг жимс, жимсгэний мод тарихаар тооцоолжээ.
Газар нутгийнхан 98 хувь нь их бага хэмжээгээр цөлжиж, доройтсон Говьсүмбэр аймаг жил бүр 300 саяас доошгүй төгрөгийг мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд зарцуулж байхаар болсон нь зөвлөгөөнөөс гарсан онцлох шийдвэрүүдийн нэг байлаа.
Сэтгэгдэл бичих
Дорноговийхон мод тарих аянд яагаад нэгдэхгүй байна аа,
Сайхан нутаг орон шүү . Чойрын богддоо мөргөн залбирья .