Түүхэн товчоон: "Есүдэр"


Admin
3-р сарын 9
8 цаг 00 минут
     
          Умард Юань улсын эцэс үеийн томоохон язгууртан.

Есүдэр анхандаа Төгстөмөр Усхал хааны түшмэл байв. 1388 онд Төгстөмөр Буйр нуурын ойролцоо Мин улсын жанжин Лань Люй-гийн удирдсан цэрэгтэй тулалдаж, ялагдаад том хүү Тяньбаону, шадар түшмэд чжиюань Нэцэлай, чэнсян Ширмэн нарын хамт цөөн тооны цэрэгтэй зугтан гарч Хархорумын зүг одох замд нь Туул голын орчимд Есүдэр түүнийг довтлон цохьжээ. Төгстөмөр тэндээс зугтан гарч Хөхтөмөртэй нэгдэхийг завдсан боловч их цас орж замд гарч чадалгүй саатжээ. Энэ үед Есүдэрийн цэрэг Төгстөмөрийг гүйцэж очоод түүнийг хөвгүүний нь хамт хороожээ. Ингэснээр Есүдэр улам улмаар хүчирхэгжжээ.

Есүдэр Мин улсын зүг зугтсан Төгстөмөр хааны шадар түшмэл Нэцэлай-г довтлон хороожээ. 1388 оны үед Мин улсын харьяат болсон Ляо ван Ажашир удалгүй Мин улсаас тэрсэлж Есүдэртэй нийлжээ. Ийнхүү тухайн үед Монголд хамгийн хүчирхэг, нэр нөлөө бүхий хүн нь Есүдэр болов. Түүний эзэмшил нутаг нь Хянганы хойд, баруун хойд хэсэгт байсан бөгөөд тэрээр аажмаар Зүүн Монгол руу түрэн орж иржээ. Есүдэрийг Монголын  хаан болсон гэж зарим судлаач үздэг. 1389 онд Есүдэр Мин улсын цэргийн довтолгоонд өртөн ялагджээ. Түүнээс хойш Есүдэрийн талаарх мэдээ сурвалж бичигт гардаггүй ажээ. (Ц.Цэрэндорж)

Ашигласан ном зохиол

동북아역사재단 편, 明史 外國傳 譯註, 2012 (солонгос хэлээр)

Далай Ч., Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ., 1992

Монгол улсын түүх, гутгаар боть, УБ., 2003

Сүгияма Масааки, Монголын эзэнт гүрний мандал буурал, орчуулсан Цэрэндорж Ц., УБ., 2015

Ван Мандаа, Монголын түүхийн толь, ӨМАХХ, 1999

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Умард Юань улс
Төрөл түүхэн хүн
Цаг үе Умард Юань улс
Хэний хаанчлалын үед Төгстөмөр Усхал хаан
Салбар, чиглэл түүх
Хүйс эр
Овог, аймаг Хиад Боржигин
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, ах дүү, хүү охин гэх мэт) Аригбөхийн угсааны хүн гэж үздэг.

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.