Яруу найрагчийн ижий


Admin
3-р сарын 6
11 цаг 25 минут

Нийтлэлч: Норовын Гантулга

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ныг угтаж яруу найрагчид ижийнхээ тухай дурссаныг уншигч танаа хүргэе.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн. Монголын их утга зохиолын оргил, суу билэгт их найрагч маань ижийнхээ тухай олон шүлэг бичсэн. “Билүүтэй уулынхаа овоонд чулуу ганцыг нэмлүү дээ, биеэ хувааж төрүүлсэн ээжийнхээ ачийг яалаа даа” гээд эхэлнэ. “Хаврын сар гаруут ижий минь намайг хүлээнэ”, “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Ижийтэйгээ үзсэн наадам” гээд нэрт найрагчийн хайрт ижийдээ зориулсан шүлгүүд олны сэтгэлд явдаг. Тэртээ хоёр мянга таван онд яруу найрагч сэтгүүлч Цээнзэнгийн Галбадрах Лхагвасүрэн найрагчтай ижийнх нь тухай хөөрөлдөж л байсан. Ер нь найрагчийн ижийгээ санасан дурсамж хэзээд чиг халуунаараа байх болно оо.

“...Эх бүхний цээжнээс эхэлдэг

Элбэг урсгалтай сүүн мөрөн

Ижий мөрөн

Үрээ л дагаж урссан

Үйлийн үртэй цагаан мөрөн...” миний ижий хуучнаар Түшээт хан аймаг Дайчин Бэйсийн хошуу, одоогийн Төв аймгийн Өнжүүл сумын хүн. Булгийн ухаа, Дааган дэлээр нутагтай Доной гэж хүний хамгийн том охин. 1943 онд манай эцгийг цэргээс халагдаж ирсний дараа гэрлэсэн гэдэг. Би эхээс ганцаараа хүн. Надаас өмнө хоёр охин төрөөд эндчихсэн юм билээ. Надаас хойш ч хүүхэд гараагүй. Манай нутаг усныхан мэднэ л дээ. Бавуугийн ганц хүү гээд. Ижийнхээ ажил төрөл хийгээд гялалзаж явахыг мэдээ орсон цагаасаа хойш мэдэхгүй. Ижий минь бие муутай үргэлж л хэвтэж байдаг сан. Нэг хоёр өдөр босоод л хэвтээд өгнө. 1951 онд аав намын хянан шалгах хороонд байхад ижий Идэвхтэний больниц гэдэгт хэвтэж савны хүнд хагалгаа хийлгэсэн юм. Түүнээс хойш даралт нь ихэснэ. Бие нь өвдөөд л. Миний ижий хорвоод зовох гэж ирсэн хүн шиг санагддаг. Тэгээд цэл залуу 44 насандаа өөд болсон доо.

“...Өвчтэй ижийнхээ цонхигор дэрний дэргэд

Өдөржин шөнөжин өрөвдөхийн уяатай байж

Өдий төдий олон тоглоомноос татгалзаж

Өөрийгөө би авч үлдэж чадсан болохоор

Надад бага нас байгаагүй” гэж бичсэн маань ийм учиртай. Ижий минь намайг зураач болно гэж бодож өнгөрсөн байх. Яагаад гэвэл миний анхны сонирхсон ажил зураг. Би олон номын зураг зурсан. 1962 онд анхныхаа шүлгийг хэвлүүлчихээд наян хоёр онд ном гартлаа зураг л зурж хэдэн хүүхдээ тэжээсэн. “Утга зохиол” сонинд зураач байлаа. Миний үеийнхний бүх номын чимэглэл миний гараар орсон. Тэгэхээр ижий намайг том шүлэгч болно гэж бодоогүй байх. Уул нь тэр үед би “Шүхэр цэцэг” гэдэг найраглал бичсэн минь “Улаан Од” сонинд хэсэглэж нийтлэгдсэн. Түүнийг үзсэн л дээ. Тэглээ ч яруу найрагч хүүгээ хорвоод үлдээлээ гэж бодоогүй л болов уу. Би хамгийн анх ижийдээ зориулж “Ижийтэйгээ үзсэн наадам” шүлгээ бичсэн юм.

“Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдын зулай дээр

Нар голлон халуун байсан ч

Элбэг дээл шиг

Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн...”. Намайг хоёрдугаар ангид байхад ижийгийн бие муудаад аав Засгийн газарт ажиллаж байснаа хөдөө гарлаа. Лүн суманд сум, нэгдлийн даргаар очлоо. Тэр зун сумын наадамд ижийтэйгээ хамт явсан юм. Би бодвол Мягмарнаран, Идэрбат эд нартай тоглоод алга болчихсон байх. Орой харьсан хойно ижий “Өнөөдөр сумын наадам дээр хүүгээ алдчих шахлаа, төөрөөд” гэж билээ. Сумын наадам хүн төөрөхөөр нүсэр болохгүй шүү дээ. Намайг хажуугаасаа салгах дургүй нь тэр. Намайг багад ижийгийн нэг сохор ах бидэнтэй хамт байсан юм. Тэр ах минь гучин гуравхан насандаа өөд болсон. Түүнийг өөд болоход аав эзгүй. Манайх аймгийн төв дээр. Аав сум руу яваад шүлхийн хорионд орчихсон. Гэртээ ирж чаддаггүй. Үхсэн хүнээ гаргаж чадахгүй хамт гурав хоносон юмдаг. Ижий шөнө унтахдаа хүүгээ ханан талдаа аваад биеэрээ халхлаад шөнөжин мэгзэм уншаад хонодог сон гэж ярьж байсан. Ижий минь их уяхан хүн. Дандаа нууж уйлна. Далд нулимстай хүн байжээ. Хүн ер нь ухааныг эцэг эхээсээ авдаг бол би ижийгээсээ л авсан. Хэрвээ надад ухаан гэж байдаг бол тэр ижийгийнх. Бусдаараа би ижийгээ дуурайгаагүй юм билээ. Гадаад төрх, царай зүс, ярих нь хүртэл яг аав гэдэг юм, манай нутгийнхан. Намайг долдугаар ангид байхад ээж тэрүүхэндээ пөг пөг гээд инээгээд байх юм. Яасан гэсэн чинь “Агваандорж овоон дээр гутлаа тайлж ороолтоо сэврээх гэсэн чинь үнэрт нь морь нь үргээд явгалчихаж. Тэгээд явган ирж явна” гэнэ. Тэр хүн манай тэндээ л шивэртэйгээрээ алдартай хүн байсан юм. Тэгээд ижий надад “Миний хүү ч шивэргүй л дээ. Гэхдээ хөлөө сайн угааж байгаарай. Эр хүн чинь эмэгтэй хүний өвөрт хөлөөрөө эхэлж ордог юм шүү” гэж билээ.

...Судас нь лугшиж халуу дүүгсэн

Бурханы өвөр дээр тоглодог байсан

Сүнс зайлам харанхуйн дунд

Сүү нөмөрч унтдаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан...”


Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл” шүлгийг бүх хүн нулимстай уншдаг. Найрагч өөрөө ч дотогшоогоо мэлмэрч уншдаг.

Тэр жил Өвөрхангайд Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрэмжит “Болор цом” дээр Бадарч ах минь “Эхийн сэтгэл”-ээ уншин үзэгчид тэр аяараа уйлж билээ. Бичлэг нь ч “YouTube”д байдаг. Бичлэг гэснээс Бадарч ахын “25 дугаар суваг” ТВ-гээр ижий ааваа яриад уйлдаг нэг нэвтрүүлэг бий. Ард түмнийг уйлуулдаг нэвтрүүлэг гээд нэрлэчихэд болохоор. Ингээд буурал найрагчийн ижийн дурсамжийг хүргэе. Би чинь айлын өргөмөл хүүхэд. Гучин есөн онд дайны жил төрсөн. 14 хоногтой байхдаа айлд өргөгдсөн. Би төрүүлсэн хоёрыгоо эх эцэг гэж хэлдэг. Харин өргөж авсан хоёрыгоо аав ээж гэдэг. Арван сар тээж ангир уургаа шимүүлж өсгөсөн эх минь хүүгээ хүнд өгөхдөө харуусч байсан байхдаа гэж боддог. Эхийнхээ үгэнд ороод л өгчихсөн гэдэг юм. Хожим намайг бараг хөгширсөн хойно юм даа, манай эхнэрт “Хүүгээ сайн ч явсан, муу ч явсан янз бүрийн сураг дуулдсан ч сэтгэл дотроо бодно уу гэхээс гадагш нь хэлж ярьдаггүй. Нэгэнт би улаан нялзрайд нь хүнд өгчихөөд хойноос нь юу хэлж явах билээ” хэмээн дуугарсан байдаг.Ижий аав минь биднийг их энхрий өсгөсөн юм. Ганцхан дурсамж хэлэхэд, 1944 оны аймшигт бичин жилийн зуднаар манай Төв аймгийн урд талын сумд, Дорноговь, Дундговь, Хэнтийнхэн отрын нутаг гэгддэг Хэрлэнбаян-Улаанд нүүж гарсан. Манайх нэг мухлагтай. Тэр нь араг нурууг эсгийгээр бүрж үүд гаргасан мухлаг тэрэг. Түүнд эгч бид хоёрыг суулгаад л нүүлээ. Мухлаг тэрэгнээс өглөө босоход ижий минь аргалын цогийг манай нутагт хөнгөрцөг гэж ярьдаг төмөр хувинд дүүрэн хийгээд тэрэгний нуруу модноос дүүжилчихсэн байдаг сан. Бид хоёр аавын илбэнхэн дээл чонон дахаар хучуулчихаад ааруул цагаан тос идсэн шигээ явж билээ.Тийм л түүхтэй өсгөсөн дөө.

Ижийн тухай шүлэг бичих маш хэцүү. Ижийнхээ тухай, дурсгалд нь зориулж, амьд мэнд байхад нь ч бичиж байсан. Нас элснээс нь хойш бичсэн хоёр шүлэг бий. Түүний нэг нь амьтан хүний уншаад уйлаад байдаг “Эхийн сэтгэл” шүлэг юм даа. Ижий минь надад нэг бурхан өгсөн юм. Намайг бага байхад надад харуулдаг байсан л даа. Хүүгээ авчраад удаагүй сар болсны дараа бурхан олсон. Тэр бурхан багшийн хүрэл дүр байж. Тэгээд ижий минь “Миний хүү урт наслах юм байна, буянтай явах нь” гэдэг байлаа. Би том болсон хойноо ээж та намайг сайн явна гэж яаж мэдсэн юм гэж асуудаг байлаа. Урт насална гэдэг нь тэр бурхан багшийн дүр олсондоо, буянтай явна гэдэг нь бурхан багш гартаа бадар аяга барьсан байдаг учраас идэх хоолтой явна гэж ижий минь зөгнөж ярьдаг сан.Би шагнал урамшил авч л явлаа. Ажил төрлөөсөө халагдаж, гуниж гутарч явсан өдөр бий. Би ижийгээ сэтгэлээсээ ер гаргаагүй. Ижий минь намайг дандаа харж байгаа гэж бодож төсөөлдөг. Ардын зохиолчийн алдар хүндийг хүртээд Төрийн ордонд зогсож байхад нулимс гарах гээд байсан. Тэгээд би тэссэн л дээ. “Ижий минь байсансан болоосой, байсан бол нэг баярлуулах байж дээ” гэж бодогдоод ордны соёмбот танхимд нулимсаа барьж ядаж байсан. Ижийгээ санаж байдагтай холбоотой юм болов уу даа. Аятай сайн яваа минь тийм л учиртай байх.

lll

Тэр жил багш(Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол)тайгаа Бүрэнгээд нь галгиулж явахад багш минь Шархайн шар талын замд ижийнхээ тухай ийн хуучилж билээ. Цаас цоохорлох заяанд төрснийх хол ойр хэсч өнөө энд маргааш тэнд явсан зам, эрээчсэн цаасаа ч гэсэндээ чамлах юм байхгүй. Ганцхан юмыг л бичиж чадсангүй дээ гэж бодож явна. Үнэндээ гэвэл санаа дутсан бус сачий минь хүрээгүй хэрэг. Ижийнхээ тухай бичиж чадсангүй ээ.

“Тал ижий хоёр хоёулаа намайг хүлээж байгаа

Танхил хүүдээ гэж дэлгэсэн ааруулыг нь

Талын минь салхи хатааж байгаа..” гэхчлэн арван хэдхэн насандаа бичээд анхны түүвэртээ оруулж л байсан. Бас “Сүн далай ачит ээжийгээ

Сүүдэр газар суулгахгүй

Сүүн сэтгэлийг нь ээдэхгүй

Сүслэн хайрлаж яваарай” гэж хүмүүсийг дуулуулсан нь бий. Гэвч ижий, ижийн хайр гэдэг энэхэн биш ээ. Ижийн хайр гэдэг бичиж зурж, хөшөө дурсгал болгон барьж болдог, энэхэнд багтдаг эд биш юм. Шархайн шар талын амьдрал, хөл хөдөлгөөн, ойр холын бараа дүр айл амьтан алга болох байтугай уул нурж, улс гүрэн мандаж мөхөж бас мандаж байдаг амаргүй хорвоо. Хувираагүй юм ганцхан тэр нь эхийн хайр. Миний ижийн ижий Цэнд гэж байсан юм. Дандаа дарь эх хангинуулж нэг бол шанага барьж цай уудалж зогсдог, нэгэн бол хувин барьчихсан үнээ мал сааж явдаг байлаа. Өвгөн нь Бээжин Жанчхүү явсан жингийн даамал Ягаан Бямба гээч байсан юм. Тэднийх их бага Дэнсмаа гэж хоёр охинтой. Хоёр Дэнсмаагийн эгч нь миний ижий. Би гэдэг хүн зовохдоо ч зовж, жаргахдаа ч жаргав. Юуг жаргал гэхийг ойлгож өгөхгүй уджээ. Харин нэг юмыг мэдэж байна. Жинхэнэ аз жаргалыг хаана эдэлсэнээ мэдэж байна. Төрсөн хонхортоо ижийнхээ дэргэд жинхэнэ аз жаргал гэдгийг эдэлсэн юм байна. Ижий шиг тийм аз жаргалын гэгээ цацруулсан хүн хязгаар хярхаггүй орчлон дээр нэг ч тааралдсангүй ээ.

Талынбулагийнхаа дэрст нуга тохойг сананам. Гүүний хоёр хөх шиг Талынбулаг, Түмий хэмээх хоёр булаг. Энэ хоёр “хөх”ийг дөрвөн улирал үлгэсэн хэдэн гэр байлаа даа. Ижийн хүү өө, дэнгээ бариарай, -барьчихлаа ижий. Хургаа зөрүүлчихэв үү, -зөрүүлчихлээ. Ажаа нь өнөөдөр ирэхгүй,орон дээр нь сүх тавиарай. Миний хүү таргаа дэлс дэлс, тэгээд айргаа бүлээрэй. Хэд бүлэх юм бэ. Миний хүү ямар эцэх юм биш зөнд нь Гөөгөөгийнхөө айраг шиг, Жоожоогийнхоо айраг шиг чихэр амтагдтал нь бүлээрэй. Ээжээ ажаа эзгүй та айж байна уу. Хүүгээ байхад ээж нь юунаас ч айхгүй ээ. Ижий хүү хоёр байхад болноо гэнэ.

Айргаа бүлэхэд гэрээр исгэлэндүү дулаан сайхан үнэр ханх тавьж, хатавчинд өлгөсөн хүүдийтэй аарц дуслах нь сонсогдон хонин тогоонд сүү дөвийж, зууханд аргалын хонгор гал тоглон, бурхны ширээн дээр мандаасан зул эрвээхэйн салхинд дальдчихаас өөр чимээгүй. Оройн ажил дуусч ижийтэйгээ хамт гэрээ эргэхээр гарахад түрүүхэн тавьсан гүүн зэлний тэндээс адууны үнэр ханхалж, од түгсэн уужим тэнгэрийн дор талын дээгүүр тоос нь бууралтсан хэвээрээ. Ижий шоголтой Алтангэрэл судар барин гэрээ хэдэнтээ эргэж надад бас адис өгч гэртээ орно. Би ижийгээсээ үлгэр ярьж өгөөч гэж шална даа. Манайхан нэг өвөл Хашаатын замын бууцанд өвөлжиж хойд толгой дээрээ идээ будаа засч ёс төр болсон юм. Тэгтэл манайхнаас холгүй ирж өвөлжсөн оторчин овоон дээр буугаад мордохдоо тахилын идээнээс хэвийн боов цагаан тос зэргийг нь өвөртлөөд явчихсаныг малд явсан хүүхэд хотныхондоо хэллээ. Ижий түүнд тун их дургүйцэв. “Ганц сайн чадъя даа” гэх нь тэр. Хожим өнөө хүнийг манайд нэгэнтээ ирэхэд нь их том модон хулаар дүүрэн боов, цагаан тос, хонины сүүл хөшиглөн халуун цай хийж өгөөд дээр нь адууны харвин айргаар шахаж “Хавар ховрын цагт залуу хүн өлөрхөж яваа биз хөөрхий. Таныг хоолонд бузгай гэж хүмүүс хэлдэг юм билээ, ид ид” гэж тэвдүүлэн цаад хүн нь уурлаж ч чадахгүй, инээж ч чадахгүй хэцүүдэж суусан нь манай хотоор инээдэм болж билээ. Ижий амьдралдаа хүн шийтгэсэн нь тэр. Шийтгэл нь хүртэл ерөөлийн дайтай хүн ижийгээс минь өөр ховор л байлгүй.

lll

Төрийн шагналт найрагч Долгорын Нямаатай төрсөн буурь Хирс таван толгойн Үүдэн бууцанд нь очиход ачит ижийгээ дурсан нулимстай зогсож байсан сан. Нямаа ах ижийдээ зориулж номон суварга бүтээсэн хүн юм. Найрагчийн ижий 82 насалсан буянтай буурал байжээ. “Ээжийн тухай бодоход хамгийн түрүүнд санагдах нь өглөө босох” гэж нэгэнтээ хэлсэн. Тэгээд “Энэ бол монгол эмэгтэйн нэг гол шинж байв. Өрхний оосор татаж өглөөний нарны туяаг гэртээ залах эрх эмэгтэй хүнд ногдсон нь миний бодоход хүндэтгэл ч юм шиг” гэж ухаалаг зөөлнөөр хэлнэ. Тэрээр бууцандаа очиж “эрхэлчихээд” дараа нь Дэл Хөнжлийнхөө уулсыг зорьсон юм. Ийн явахдаа “Үе үе ээжийнхээ тухай бодоход салхи сэрж бостол исгэрээд хонь хяргаж суудаг нь, ботгоо голсон ингийг уяртал хөөсөлж зогсдог нь, шинэ дээл эсгэдэг нь, бурантаг томж угалз оёдог нь, нүүдэлд ачаа хөтөлж явдаг нь, сөхөрч суугаад хурууд зүсдэг нь, хонин тогоо дүүрэн сүү хөөрүүлээд тоононд тултал самардаг нь харагдаад байдаг. Дэнгийн гэрэлд юм оёод суучихдаг сан. Хар багадаа хурга хариулж яваад ээжийн даллахыг харах мөн ч сайхан. Хурганаас ирэхэд зуухны галын нурманд боов булж, эсвэл сэнжтэй төмөр аяганд будаатай унд хийж тавьсныг хүртэхэд гоё” гэж ярихад нь говь нутгийн ажилтай, унд устай, жудаг журамтай сайхан ижийн төрх нүднээ бууж билээ.

Уг ярианыхаа араас Нямаа ах уйлмаар хэдэн мөр хэлсэн нь “Намар намрын цагт сургуульд мордоод явахад хоёр нүдийг нулимс бүрхээд харж болохгүй. Нэлээн холдож байгаад эргэж харахад хойноос ээж минь сүү өргөөд бөмбийн цайвалзах гэрийнхээ гадаа бөртийтэл ганцаар зогсож үлддэг нь санаанаас гардаггүй. Анх сургуульд явсан намар “Гадаа дуу нь гарах шиг санагдаад гарч хардаг байж билээ. Тэгэхэд шонгийн хэцэн дээр ирж суусан бялзуухай шувуу жиргэсэн байдаг ” гэж ээж минь хэлдэг сэн” гэх мөрүүдээс нь халуун хайр мэдрэгддэг. Мөн Сүүеэ минь (Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав) “Миний нутгийн бараа” дуундаа ижийгээ мөнхөлснөө сэтгэл цалгин ярьдаг сан. “...Сүргийн бэлчээр чимэглэсэн

Сүйхэн цагаан гэрүүд байна аа

Сүүгээ өргөөд хоцорсон

Миний ээжийн өргөө юу даа” хэмээн дуулах шүлэглэхийн завсар хэлэхдээ хоолой нь чичирхийлдэг сэн. “Багаасаа гашуун нясуун юм амсаж, ажил төрлөөсөө халагдаж, шүлэг найраг хэмээн хөөрцөглөж явсан би ганцхан удаа ижийгээ баярлуулсан нь энэ дууны шүлэг юм” гэдэг. Найрагчийг төрүүлсэн тэр сайхан ижий наян найман онд хүү Сүрэнжавыгаа, наян есөн онд хүү Пүрэвсүхийгээ (“Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураач) төрийн соёрхол авахад хосгүй их баярыг амссан байдаг.

lll

Хөшөөтийн голд суугаа залуухан ижийд минь “Яруу найрагчийг төрүүлсэн юм шүү” гэх далдхан бахархал байдаг шиг. Тийм ээ, молхи миний бие одоогоос 20 жилийн өмнө 2002 оны намар МИС(Механик инженерийн сургуул)-ийн дотуур байрны 4 давхрын шатан дээр ижийдээ зориулсан “Ижий минь” шүлгээ бичиж билээ. Намрын нойтон цас будагнаж, навчис хөлөөр шуурсан өглөө хичээлдээ явахад ижий минь бодогдоод, нүдийг минь нулимс бүрхээд. Дашбалбар найрагчийн хэлснээр намрын хүйтэн энэ өглөө ижий минь үнээний дэлэн шувтарч зэлэн дээрээ жихүүцэн байгаа гэх мөрүүд санаа сэтгэлд орж ирээд. Хичээлдээ иртэл эхний 2 цаг цонхолчихсон гээд ангийнхан бөөн дуу шуу угтав. Зайсан толгой руу алхъя л гэнэ, би тэднээсээ чөлөө хүсээд дотуур байр руугаа буцлаа. Түрүү жилийн намар намайг хотод оюутан болж ирэхэд есөн сарын нэгэнд сургуульд минь хүргэж өгчихөөд, хэд хоног өвөртөлж унтчихаад Шар хадны эцэс Лууяа ахын гэрийн гаднаас “За миний хүү хичээлдээ сайн сураарай, арын ажил одоо сүйд боллоо. Ээж нь буцъя” гээд орхиод явсан нь бодогдоод. Намрын урьхан салхинд алчуурных нь үзүүр дэрвэж байсан ижийгээ эргэж нэг харах болов уу гэж горьдон тэртээх гудамжны үзүүрийг тойрон тойртол харж зогсоход нэг ч удаа эргэж хараагүйг нь бодоод, өвлийн амралтаар очоод тэр тухай хэлэхэд, хүүгээ хараад зогсож байгаа гэдгийг ээж нь мэдсэн л дээ, гэхдээ эргээд нэг харвал сэтгэл нь сонин болчих байх гээд шуудхан алхчихсан гэж зоримог хэлсэн нь бодогдоод би гэдэг хүн хөнгөн гуниг тээн алхаж явлаа. Яг л тэр агшинд хүний амьдралын бүх юм ижий байдаг юм байна гэх бодол төрж, уг бодолтой минь зэрэгцэн

“...Наран зүгээс асгарч цээж рүү урссан цагаан мөрөн

Намайг ороож аргадсан нь сүү биш ижий минь байж

Намрын хонгор навчис цэлэлзэх салхитай шуурч

Намуун зөөлөн исгэрсэн нь гуниг биш ижий минь байж...” гэх мөрүүд урсаад ороод ирдэг юм. Ээжийнхээ тухай нэг шүлэг бичих нь тодорхой болоод, бодол санаа цэгцлэгдээд, бушуухан өрөөнд ороод тавтай бичье гээд алхаагаа түргэсгэлээ. Гэтэл нэг л биш ээ. Ерөөсөө шүлгийн мөрүүд дуу алдан гэдэг шиг асгарч ирээд болдоггүй. Байр руугаа орлоо. Үүднийхээ жижүүртэй мэндлээд цааш эргэтэл

“...Одод наадах тэргэл талд багын минь тоглоом

Одоо бодоход чулуу биш ижий минь байж

Орь залуу цагийн үй зандан өвс

Охин нойтон үнэрээ сэтгэлд задалсан нь хайр биш ижий минь байж

Мөнхгүй орчлонг аргадаж сөгдөж залбирсан

Мөргөлийн амьд судар нь бурхан биш ижий минь байж

Мөндөр шиг цайрч хуйларсан он цагийн урсгал

Мөрөөдлийн цэнхэр бороо мэт алсад одсон нь цаг хугацаа биш ижий минь байж...” гээд урсчихдаг юм. Юун дөрвөн давхрын өрөөндөө орох манатай, цүнхнээсээ далбагар дэвтэр гаргаж ирээд шатан дээр сараачиж бичсэн сэн.

...Дэнжийн цэцэгс дунд шүүдэр дэвсэж унтахад

Дээрээс минь хучсан шар нөмрөг сарны туяа биш ижий минь байж

Дэлхийн цээжийг цөмлөж дэвсээстэй шороонд нь шингэхэд

Дэрэн дор минь ивэх чулуу, чулуу биш тэр ижий минь л байх болно оо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.