Түүхэн товчоон: "Кумоси"


Admin
3-р сарын 5
7 цаг 40 минут
 
       Юйвэний удмын эртний нүүдэлчин аймаг

Өмнөд хүннүгийн шаньюйн холын садан Юйвэнь аймаг III зууны сүүлч IV зууны эхэнд сяньби удмын Муюн аймагтай байнга зөрчидөн тэмцэлдэж байжээ. Муюнчууд 344 онд тэднийг довтолж бутцохиод 5 мянган өрхийг нь булаах үеэр Кидан, Кумоси хоёр Юйвэниэс тусгаарлаж гарсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Сяньбийн хуучин нутагт суух болжээ. Дөчөөд жилийн дараа 388 онд Умард Вэй улсын Табгачи Гуй Жолошуй (Шар мөрөн/Ляохэ) голын өмнө этгээдэд тэднийг довтолж 4 овгийг нэг буман мал хуйг нь олзолжээ. 344-388 онд тэд Киданы тэргүүлэл дор оршиж байжээ. Табгач Гуйн довтолгооны далимаар тэд Киданаас салж анх удаа биеэ бүрэн дааж туурга тусгаарлажээ. VI-VIII зууны үед кумоси аймаг үе үе Түрэгт захирагдаж, руни бичгийн дурсгалд “Татаби” хэмээн алдаршиж байсан гэж зарим эрдэмтэн үздэг. Эртний хятад сурвалжийн олонхид кумоси нарыг дунхугийн удмын аймаг гэж үздэг ч Тан улсын хуучин судрын 199, Таван улсын түүхийн 74-р бүлэгт “си нар Хүннүгийн тусгай салаа” гэж тэмдэглэсэн. 868 оноос хойш киданчууд хүчирхэгжиж улмаар кумоси нарыг өөртөө нэгтгэж авсан ба Кюйчжу ахлагчтай нэг хэсэг кумоси нар умард хятадын Гуйчжоу уулын умард этгээдэд нүүн очжээ. Ингэж кумосичууд зүүн, баруун хоёр хэсэг болсон юм. 850 оны орчмоос Баруун Сибирийн хээр талд ноёрхох болсон түрэг хэлтэн Кимакийн нэгдлийн үүсэлд Кумоси оролцсон гэж 1982 онд О.Прицак үзжээ. Түүний саналыг дэмжсэн П.Б.Гольден Кумоси нэрийг *Qumaġ-ġay (Цөлийн Qay) гэж сэргээсэн.

    Хятад сурвалжид бас Си (Хи) гэж товчилдог Кумоси аймаг Киданы өмнүүр Хянганы нурууны урд үзүүрийн зүүн этгээдэд Байланхэ (Лууха, Тоосон) голын эх хавийн уулархаг орноор нутаглаж байжээ. Зарим сурвалжид Киданы баруун, баруун хойд этгээдэд суудаг гэж бичжээ. Кумоси нь V-VI зууны сурвалжийн мэдээгээр – Жухэван, Мохэфу, Цигэ, Мукунь, Шидэ гэсэн тав, харин VII-IX зууны үеийн мэдээгээр – Ахуэй, Чухэ, Аоши, Дужи, Юаньсыси гэсэн таван овогтой байжээ. Нийтдээ гучин мянган шилдэг цэрэгтэй гэсэн мэдээ сурвалжид үлдсэн нь хүн амын доторх эрчүүдийн тоог заасан хэрэг тул нийт жараас далаад мянган хүнтэй байжээ.

    Кумосичууд VII зууны үеэс Төв Ази, Умард хятадын түүхэнд нэр алдараа түгээх болжээ. Зан заншлыг нүүдэлчидтэй адилхан гэж тэмдэглэдэг кумосийн эзэд 500 шилдэг цэргээр хүрээгээ хамгаалуулдаг байжээ. 620-иод онд Тан улстай мөчөөрхөн тэмцэж байсан хятадын язгууртнууд тэдний цэрэг зэвсгийн хүчийг ашиглаж Тангийн хил хязгаарыг уулгалж байв. Тан улс Когурё улсыг дайлахад Кумосийн ахлагч Суйчжы дагаж явж гавьяа байгуулсан гэдэг. Энэ үед кумосийн толгойлогчдоос Кэдучже хүчирхэгжжээ. Гэвч түүнийг үхэхэд кумосичууд хилээс холдож нутаглах болсон юм. Түрэгийн хожуу хаант улсын КапаганБилгэ хаад бас үе үе Кумосийг довтолж эрхшээлдээ оруулж байсан юм. IX зууны сүүлээр Кидан хүчирхэгжиж хөрш кумосичуудыг байлдаж эзэрхийлжээ. Үүнээс хойш түүхэнд дангаар алдарших явдал бараг үгүй болсон гэдэг. (Б.Батсүрэн)

Ашигласан ном зохиол

Тан улсын шинэ судар (хятад хэлээр)
Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. Том 1. М-Л., 1950
Таскин В.С. Материалы по истории древних кочевых народов группы дунху. М., 1984
Батсүрэн Б. Монголчуудын уг гарвал. Танин мэдэхүйн цуврал-3. УБ., 2015

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Кумохи, Си, Хи
Хамаа бүхий үг Юйвэнь, Кидан
Цаг үе IV-X
Бүс нутаг Шар мөрний (Ляохэ) сав газар

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.