В.Баттулга: Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн "бохь" шиг л ховор үзэгддэг байлаа


Admin
2-р сарын 27
17 цаг 22 минут

Зууны манлай хос дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү В.Баттулгатай ярилцлаа.

-Уран бүтээлийн олз омог ихтэй явна уу?

-Олз омог мөн ч ихтэй явна. Өнгөрсөн баасан гаригт том охин Б.Дуулимтайгаа “Хязгааргүй хайр” уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн, мянга мянган ээжүүд сэтгэгдлээ илэрхийлж байна. Олон түмэнд маш хурдан хүрлээ. Энэ дууг жилийн өмнө хөгжмийн зохиолч маань бид хоёрыг дуулаад өгөөрэй гээд бэлэглэж байсан юм. Яг одоогоор бол хоёр уран бүтээл дээр ажиллаж байна. Тун удахгүй 1990-ээд онд зохиогдсон МУСТА, хөгжмийн зохиолч Ц.Батдэлгэр ахын аялгуу “Говийн наран” дууг охинтойгоо шинэчилж дуулж байгаа, удахгүй бэлэн болно. Үүний дараа Монголын ард түмний сайн мэдэх “Эх үрсийн элбэрэл” дууг охин минь ганцаараа дуулна. Аав хүний хувьд энэ уран бүтээлд их анхаарч ажиллаж байна.

-Удахгүй охинтойгоо аялан тоглолтоор явна гэсэн үү?

-Б.Дуулим охинтойгоо энэ сарын 28-наас эхлэн 31 хоног Хэнтий, Дорнод аймгийн бүх сумдаар “Энх эсэн болтугай” хэмээх аялан тоглолтоо хийх гэж байна. Мөн хил нээгдсэнтэй холбогдуулан шинэ цомгоо хэвлэлтэд явуулах гэж байгаа. Дөрөвдүгээр сард аялан тоглолт дуусч, цомог ирнэ гээд ачаалалтай байх нь ээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Эрхэт Монгол” групп ажиллахаар төлөвлөсөн.

-Энэ таны хэд дэх тоглолт вэ?

-Миний дөрөв дэхь, охинтойгоо хамтарсан гурав дахь тоглолт.

-Аялан тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Тоглолтын бэлтгэл ер нь бүрэн хангагдсан шүү. Миний хувьд орон нутагт соёл урлагаар үйлчлэхдээ бүрэн хэмжээний техник хэрэгсэл, хөтлөгч, техник хариуцагч, тайз засагч, тайзны салют, утааны аппарат гэх мэт үзэгчдээ баясгах бүх хэрэгслээ хангаж явдаг. Аймгийн төв, сум гээд ялгалгүй 100 хувь үйлчлэх ёстой. Энэ удаагийн тоглолтод 6-9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Хил нээгдэж, охиноо БНХАУ руу сургуульдаа явахаас өмнө амжуулах олон ажил байна.

-Б.Дуулим охин жүжигчин мэргэжлээр сурдаг гэсэн үү...

-Одоогийн байдлаар монгол сургуулиасаа завсардаад хэлний бэлтэлд сурсан. 700 оюутнаас нэгдүгээрт жагссан, БНХАУ-ын топ таван сургуулийн нэгт дуулаачийн мэргэжлээр суралцах эрхээ авсан. Ирэх сарын 18-наас өмнө сонголтоо хийх ёстой.

-Цомгийнхоо тухай яриач, ямар нэртэй вэ?

-Цомгийн нэр маш чухал. Аав, ээж хоёрын минь хоёр зуун дамнаж дуулагдаж ирсэн “Вансэмбэрүү” дууныхаа нэрээр анхны цомгоо нэрлэсэн. Нийт 28 дуутай.

-Та урын сандаа хэдэн дуутай вэ?

-Ганцаар дуулсан 86, охинтойгоо дуулсан дуунуудтай нийлээд 100 гаруй дуу байна. Охин маань ганцаар, бие даасан арваад дуутай болсоон.

-Таны охин хэдэн наснаасаа дуулсан юм бэ?

-Яг л над шиг гурав, дөрвөн настайгаасаа өвөө, эмээгийнхээ тоглолтод дуулж эхэлсэн. Арай том болоод аавынхаа тоглолтод дуулж, одоо хамтдаа уран бүтээл хийдэг болсон.

-Та гурван охинтой гэсэн байх аа. Бусад нь урлагт сонирхолтой юу?

-Тийм, гурван сайхан охинтой. Том нь Б.Дуулим урлагийн замыг сонгож байна. Дунд охин Б.Уудам өөр мэргэжил сонгосон, бага охин дөрвөн настай. Ер нь бүгд урлагийн авьяас, сонирхолтой.

-Танай гэр бүлийн хүн ч бас урлагийн хүн үү?

-Миний хань бүжгийн арга зүйч мэргэжилтэй, Төв аймгийн Боловсрол, соёлын газар соёлын мэргэжилтнээр 17 дахь жилдээ ажиллаж байна.

-Том охиноо урлагийн замыг сонгоход та санал болгов уу, өөрийн хүсэл сонирхлоо дагасан уу?

-Орчноосоо шалтгаалсан юм болов уу. Манай охин багаасаа л өөрөө англи дуу сурч, дуулаад эхэлсэн. Миний охин хөөрхөн дуулчихмаар, өвөө, эмээ, аавынхаа удмыг залгачихмаар юм шиг санагдаад монгол дуу дуулахыг санал болгосон юм.

-Охинтойгоо хамтарч уран бүтээл хийх санааг хэн гаргасан бэ?

-Монголд охинтойгоо дуулдаг дуучин цөөн байсан, биднийг уран бүтээл хийж эхлэхэд. Охин маань ч дажгүй дуулаад эхлэхээр хоосон орон зайг нөхөж, хамтдаа уран бүтээл хийхээр шийдсэн.

-Та өөрөө ч бас гурав, дөрвөн наснаасаа орон нутгийн тайзан дээр дуулдаг байсан гэсэн. Анхны тайзаа санадаг уу?

-Анхны тайзыг санадаггүй, их жаахан байсан. Ямар ч байсан жанжин малгай, дээл өмсөөд “Гоогоо минь, Гочоо минь” гэж дуулж байснаа л санадаг. Аав, ээжийн хоёр цагийн концертод бүтэн дуулаад л дуусгадаг байсан гэсэн (инээв). Тэр үед Монголын ард түмэн намайг өхөөрдөж дахиулдаг, тав арван төгрөг, чихэр өгдөг байлаа. Нэг өдөр би тайзны ардаас алга болчихсон чинь нэг эгчийг дагаж яваад хоол, цай хийлгээд аав, ээждээ хоол дамжилчихсан ирж байсан гэдэг. Их олны дунд өссөн дөө.

-Та бол яахын аргагүй урлагийн гэр бүлд өссөн хүн шүү дээ. Таныг хүүхэд байхад урлагийн хүний амьдрал ямар байв...

-Аав, ээж хоёр эмээгийнд орхиод тоглолтоор олон хоног явчихдаг байсан. Хамт байх хугацаандаа өглөө ажилдаа яваад шөнө унтаж байхад ирдэг. Ихэнхдээ эмээ дээр өссөн. Арай том болоод тоглолтоор хамт явдаг болсон, сурагч болоод бас л үлдсэн. Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн “бохь” шиг л ховор үзэгддэг байлаа. Нэг гарахаараа бригадаар 50 хоног тоглолтоор явчихна. Ер нь аав, ээжийгээ цөөн удаа харж өссөн.

-Хоёр гавьяатыг ятгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Та ятга болон өөр хөгжимд хэр хорхойтой вэ?

-Би СУИС-ийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Гэхдээ ятга, морин хуур зэрэг хөгжмийг мэргэжлийн түвшинд биш ч тодорхой хэмжээнд тоглодог. Хөгжмийн боловсрол талдаа илүү мэдлэгтэй, сүүлд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг Ш.Дулмаа гуайн хүү Д.Ганхуяг багшийг удирдлага дор төгссөн.

-Хөл хорионы үеэр охинтойгоо онлайн тоглолт хийсэн. Энгийн үеийн тоглолтоос их ялгаатай байв уу?

-Үзэгчгүй тоглолт гэдэг их хэцүү шүү дээ. Үзэгчтэй мэт л төсөөлж дуулж, сэтгэл хөдлөлөө хөгжимтэйгөө уялдуулсан. Телевизээр үзэж байгаа мянга мянган үзэгчээ дэргэдээс үзэж байна л гэж төсөөлж ур чадвараа гаргах ёстой.

-Гэр бүлийнхээ хүнтэй биш, охинтойгоо дуулахын сайхан нь юу вэ?

-Үртэйгээ тайзан дээр дуулахаас өөр жаргал гэж хаана ч байхгүй. Хэдэн тэрбум доллар байсан ч түмэн олныхоо өмнө тайзан дээр үртэйгээ эх нутаг, ээж, аав, элгэн садан, монгол түмнээ магтан дуулна гэдэг хамгийн сайхан. Хүн бүхэнд заяагаагүй үртэйгээ хамт дуулах хувь надад заяасан. Энэ тавиландаа маш их талархаж явдаг.

-Таны хит дуунуудын нэг бол “Говийн хүүхнүүд”. Өөрөө говь нутгийн хүүхэнтэй ханилсан болохоор энэ дууг дуулсан юм уу?

-(инээв) Би Төв аймгийнхаа театрт 13 жил ажилласан. Маш их мэдлэг, туршлага, хамт олныг тэндээс олж авсан. Театраас гараад удаагүй байтал театрын уртын дуучин н.Оджаргал найз маань “Говийн хүүхнүүд” дууг дуулахыг санал болгосон. Надад таалагдаж зохиогчийг нь асуутал зохиогчийг нь мэдэхгүй, найран дээр хүмүүс дуулахаар нь бичээд авчихсан юм гэж хэлж байсан. Зохиогчийг нь хайгаад олохгүй, дуулж орхичихоод баруун аймгуудаар тоглолтоор яваад иртэл хөгжмийн зохиолч нь холбогдсон юм. Тэр хүн “Энэ бол 1992 онд зохиогдсон дуу, Дорноговь аймгийн ард түмэн, Саран хөхөө театрын хамт олон бүгд мэддэг” гэж хэлсэн. Тэр хүнээс албан ёсны зөвшөөрөл, нотыг нь аваад дуулсан юм. Надад энэ дууг олж дуулах тохиол байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл өмнө нь Дорноговь аймгийн хүрээнд л дуулагддаг байсан дуу. Дуу эзнээ олно гэдэг шиг 2016 онд надад ирсэн. Тухайн үед сэдэв, хөгжмийн найруула нь их содон байлаа. Би анхны уран бүтээл болох “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн юм уу даа” дуугаараа олонд танигдсан гэж боддог байтал үгүй, “Говийн хүүхнүүд”-ээр танигдсан юм билээ. Хангайд очсон ч хүмүүс “Говийн хүүхнүүд”-ийг дуулуулъя л гэдэг.

-Тэгвэл “Хачин энхрий хангайн бүсгүй чамд

Халуухан зүрхээ сугалаад өгмөөр өө”... хэмээх дууныхаа талаар яриач?

-“Говийн хүүхнүүд” дуу гарч хит болж байтал хангайн хүүхнүүдээс “Чи өөрөө Төв аймгийнх байж яахаараа говийн хүүхнүүдийг магтдаг юм. Чи ямар сонин хүн бэ” гэдэг яриа их сонссон. Энэ сэдвээр дуу гараагүй байхаар нь уран бүтээлийнхээ чимэг болгож “Хангайн хүүхнүүд” дуугаа гаргасан юм. Зохиогчтойгоо ярьж байгаад албаар “Зүрхээ сугалаад өгмөөр өө” гэж гажууд үг оруулсан. Тэгэхээр хүмүүс “Яаж байгаа юм, зүрхээ сугалана аа, яагаад” гээд л дахин дахин сонсож, энэ дуу маань олон хүнд хүрсэн дээ (инээв).

-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай таны аавын багын найз гэдэг. Та их ойр байв уу?

-Ойр байлгүй яахав, амьд ахуйдаа хүүхдүүдтэйгээ аймагт ирж бид хамтдаа Манзушир гардаг байлаа. Аав, ээжийн минь хар багын найз, ээжтэй нэг нутгийнх. Бид хотод очихоороо тэднийхээр орж гардаг их л дотно байсан. Маргаангүй үнэхээр агуу хүн байлаа даа.

-Уран бүтээлийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Зургадугаар сарын нэгнээс өмнө Улаанбаатарт томооохон хэмжээний тоглолт хийнэ. Охин маань хичээлдээ явж, би уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Мөн залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Шинэ уран бүтээл цацагдах, тоглолтын өмнө аав, ээждээ ямар “шалгалт” өгдөг вэ?

-Боловсроод дөнгөж гарсан уран бүтээлээ хамгийн түрүүнд аав, ээждээ сонсгодог. Алдаа оноо, үгээ хатуу зөөлөн хэлэх гээд аав ээж, уран бүтээлч найзууд, энгийн иргэдээс ч зөвлөгөө авдаг. Жишээлбэл, би “Говийн хүүхнүүд” дууг гаргахын өмнө Нарантуул зах дээр тэрэг түрж явсан хоёр ахад дуугаа сонсгож, саналыг нь сонсож байсан. Би өөртөө биш, ард түмэнд зориулж уран бүтээл хийж байгаа шүү дээ.

-Танд аав ээж, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч уран бүтээл хийх бодол байдаг уу?

-2008 онд эхнэртэйгээ “Бурхнаас заяасан хань” дууг дуулсан. Тэр дуугаа ирэх оноос ханьтайгаа сэргээж дуулах бодол бий. Цаашид аав ээж, ахтайгаа хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө байгаа. Одоохондоо аавын минь бие жаахан чилээрхээд байгаа учир уран бүтээл рүү орж чадахгүй байна. Аавынхаа биеийг гайгүй болохоор дөрвүүлээ хамтарч уран бүтээл хийнэ ээ.

А.ГАНТУЯА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.