Өнөөдөр дэлхийн иогийн өдөр


Админ
2-р сарын 22
10 цаг 40 минут
2000 оноос эхлэн жил бүрийн 2-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн иогийн өдөр” /World Yoga Day/ болгон тэмдэглэх болжээ. Энэ өдрийг анх Германы Берлин хотд амьдардаг иогийн багш Самира Радси /Samira Radsi/ санаачилсан. Самира хэлэхдээ "Дэлхийн йогийн өдөр"-ийг бий болгох зорилго нь хүний эрхийн зөрчлийн хохирогчдод туслахын тулд дэлхийн өнцөг булан бүрт байгаа иогчдын хүчийг ашиглах явдал байв. Нэгэн бямба гарагийн өглөө капучино ууж суух үед энэ санаа түүнд санамсаргүй төрсөн гэнэ.
Удалгүй Самира иогоор хичээллэх замаар хүмүүст туслах мөрөөдлөө өөрийн найз, иогийн багш Бёерн Вирихтэй /Bjoern Wyrich/ хуваалцсанаар тэд Дэлхийн иогийн өдрийг бодит болгох ажилдаа оржээ.
Эхний алхмуудын нэг нь дэлхийн өнцөг булан бүр дэх иогийн сургуулиудтай холбогдож тэдний хэд нь энэхүү санаачлагыг дэмжиж байгааг олж мэдэх явдал байсан бөгөөд хэдэн зуун хүн дэмжихээ мэдэгдэв. Ингэснээр 24 цаг үргэлжлэх дэлхийн иогийн марафон зохион байгуулах боломж бүрдсэн.
Ер нь дэлхийн иогийн өдрийн гол санаа нь маш энгийн: дэлхийн өнцөг булан бүрт байгаа иогийн багш нар, иогийн сургууль, иогчид энэ өдөр өөрсдийн цаг хугацаа, орон зай, мөнгөө хүний эрхийн төлөө хандивлана.
Оролцогч байгууллага хувь хүн бүр хоёр цагийн иогийн хичээлийг зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр бүх оролцогчид хүний эрхийн зөрчилд нэрвэгдсэн хүмүүст бүх бодол санаа, эрч хүчээ зориулдаг бөгөөд ингэснээр тэдгээр хүмүүст илүү хүчтэй, илүү эерэг сэтгэгдэл төрүүлэх болно гэж итгэдэг. Иогоор хичээллэгсэд өөрсдийн чадах чинээгээрээ өдрийн зорилгын төлөө мөнгө хандивлаж болох бөгөөд цуглуулсан мөнгийг орон нутгийнхаа хохирогчдод туслах буяны байгууллагад хүлээлгэн өгдөг.
Хоёр цагийн иогийн хичээлд анхаарах ёстой нэг чухал зүйл бол бүгд өөрийн орон нутгийн цагаар яг 11-13 цагийн хооронд энэ хичээлээ хийх ёстой бөгөөд ингэснээр хүчирхийлэл болон бусад төрлийн шударга бус явдалд өртөж буй хүмүүсийн санаа зорилгыг дэмжих 24 цагийн иогийн марафон амжилтад хүрэх болно.
Иогийн тухай хамгийн эртний баримтыг МЭӨ 4500-2500 оны тэртээх Индус-Сарасвати соёл иргэншилтэй холбон үздэг бөгөөд тухайн үеийн зарим зургуудад иогтой төстэй байрлалтай хүмүүс дүрслэгдсэн байдаг.
Харин МЭӨ 1700 оны орчмоос орчин үеийн иог хөгжиж эхэлсэн гэж үздэг бөгөөд энэ үед иог зүүнээс баруун тийш шилжсэн бөгөөд гайхалтай хөгжлийг бий болгосон. Ингээд МЭӨ 500-аад оноос МЭ-ний 100-р оны хооронд анхны иогийн судрууд эмхэтгэгдсэнээр иогийн сургалтын анхны системчилсэн танилцуулгууд бий болсон гэж үздэг байна. Улмаар 1893 онд Хинду шашны хуварга, философич, иогийн сургааль, дадлыг барууны ертөнцөд түгээгч Свами Вивекананда /Swami Vivekananda/ АНУ-ын Чикаго хотд айлчлан шашны парламентад /Parliament of Religions/ үг хэлснээр төрөл бүрийн шашны зүтгэлтнүүдэд иогийн дасгалуудад илүү нээлттэй хандах үүдийг нээсэн гэж үздэг ажээ.
Эртний мэргэд, гэгээнтнүүд амьдралын тухай үнэнийг хайн даяанчилж, тунгаан бясалгасаар эрүүл чийрэг, аз жаргалтай илүү утга учиртай амьдралаар амьдарч болох нууцыг тайлсан ухамсрын түвшинд хүрч чаджээ. Тэд энэ нууц бөгөөд ариун мэдлэгээ "Иог" гэж нэглэсэн байна.
"Иог" гэдэг нь "Yuj" гэсэн санскрит үгнээс гаралтай бөгөөд нэгдэл гэсэн утгатай үг юм. Хувь хүний оршихуй ертөнцийн оршихуйтай нэгдэх нэгдэл. Иогийн мэдлэг хамгийн анх Шива бурханаас эхнэр Парвадид (сансрын энерги буюу Шакти ч гэж нэрлэдэг) уламжлагдсан гэдэг.
Иог нь зөвхөн биеийн дасгалаар хязгаарлагдах ойлголт биш, бие сэтгэл болон оюуны амар амгаланд хөтлөх зам юм. Иог бол эрүүл саруул, баяр баясгалан, аз жаргалтай, илүү их амар амгалан амьдрахад сургасан эртний мэдлэг ба өөрийгөө таньж мэдэх, дотоод ертөнцтэй тань нэгтгэхэд хөтлөх болно.
Судар бичигт иогийн олон төрөл замуудыг тайлбарлан бичсэн байдаг. Бүх гол мөрөн далайд цутгадагтай адил, иогын бүх төрөл өөрийгөө танин мэдэхүйд хөтөлнө. Таны аялал аль ч замаар эхэлсэн байж болох ч хүрэх газраа хүрч, өөрийн дотоод потенциалаа бүрэн дэлгэрүүлэхийн тулд энэ бүх чанарыг өөртөө агуулсан байх хэрэгтэй. Иогийн үндсэн таван төрөлд Бхагти Иог: Чин бишрэлтний зам, Карма Иог: Буяны зам, Гнана Иог: Мэдлэгийн зам, Аштанга Иог: Оюуны сахилын зам, Хатха Иог: Махан биеийн зам зэрэг багтдаг байна.
Та энэ өдрийг иогоор хичээллэж эхлэх, иогийн талаар илүү их мэдлэгтэй болохоор судалгаа хийх зэрэгт зориулж болох ба нэгэнт иогоор хичээллэдэг бол Дэлхийн иогийн өдрийн арга хэмжээнд хамрагдаарай.
Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв Блог
https://www.facebook.com/%D0%A5%D0%B0%D1%88%D0%B8%D1%80-%D0%90%D0%BD%D0%B6%D0%B8%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B8%D0%BD%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%85%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B2-%D0%91%D0%BB%D0%BE%D0%B3-138296312908116/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.