Хөгжлийн банкны “сүйрэлд” ТУЗ буруутай


Admin
2-р сарын 21
10 цаг 59 минут

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7-р сард Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргасан. Зорилго нь үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах байв. 2011 оны тавдугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийсэн энэ банк зорилгодоо хүрсэн үү гэвэл үгүй. Харин эрх мэдэлтэй, танил талтай томчуудын л мөнгө “олборлох” нэг том “уурхай” болж хувирсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн мэдээллээр чанаргүй зээлийн ангилалд 42 компанийн 2.04 их наяд төгрөг орсон байна. Зээлээ төлөхгүй байгаа 25 компанийг шүүхэд шилжүүлсэн. Харин 17 компанийг газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдэх юм байна. 

Хөгжлийн банкны зээлдэгч нар 10, 20 тэрбумаар хэмжигдэх зээлээ эргүүлж төлөхгүй байгаа гэх асуудал саяхан л босож ирсэн юм биш.  Аль 2016 оноос л энэ асуудлыг тодорхой хэмжээнд ярьж, бичиж ирсэн. Сүүлд томилогдсон удирдлагуудын зарим нь энэ асуудлаар удаа дараалан мэдээлэл хийж, банкны үйл ажиллагааг сайжруулж, зээлийн журмыг ч өөрчилсөн байдаг.  Энэ бүхнийг дурсаж байгаа хүн алга. Ганц, хоёр сэтгүүлч л асуудлыг олж мэдээд, гаргаад ирсэн юм шиг.  Хөгжлийн банкнаас гарсан бүх зүйл хулгай, луйвар байсан мэтээр ойлгуулж эхэллээ. Энэ гэнэтийн их дайралтын цаана яг ямар зорилго байгааг таашгүй. Үнэхээр зээлээ төлөхгүй компаниудыг шахаж шаардаж ажлыг хэвлэлээр хийлгэж байгаа бол ч яамай. Тэр дундуур янз бүрийн ашиг сонирхол шургасан юм биш биз гэдэг хардлага төрөхгүй байх арга алга.

Сүүлийн үед Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудыг бүгдийг нь барьж хорь, шалга гэх мэтээр турхирах хүмүүс ч цөөнгүй гарч ирэх болов. Ер нь бол АТГ-аас өмнөх удирдлагуудыг цагдан хорих хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Улмаар шүүхээс Хөгжлийн банкны анхны болон удаах захирлууд болох Н.Мөнхбат Б.Батбаяр болон дэд захирал асан Ч.Мөнхбаяр нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг гаргаад байна. Энэ шийдвэртэй холбоотойгоор бусад захирлуудыг ч хорих ёстой, зарим нь эрх мэдэлтэй учир хууль, шүүхийнхэн орхилоо гэж “багтарч” байгаа хэрэг.  Удаах удирдлагууд ч гэсэн буруу, зөрүү ажил хийсэн бол шалгах ёстой газрууд нь үнэн мөнөөр нь шалгах байх. Энд эрх мэдэлтэй, үгүй нь хамаагүй.

Гэхдээ зөвхөн захирлуудыг нь барьж хорих, шалгах нь арай л өрөөсгөл байлтай. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг гүйцэтгэх захирал биелүүлэх үүрэгтэй. Энэ логикоор бодоод үзвэл ТУЗ-д ажиллаж байсан гэмгүй төрхтөнүүдийг шалгах нь яах аргагүй үнэнд нийцнэ. Өнөөдөр эргэж төлөгдөхгүй байгаа 2 их наяд давсан чанаргүй зээлийн 95 хувийг 2012-2018 оны хооронд олгосон. Тэр дундаа 2016-2020 оны хооронд чанаргүй зээлийн 85 хувийг олгожээ.  Тэгэхээр анхны захирал Н.Мөнхбат, тэр үед байсан ТУЗ-ийг шалгах нь зөв.   2016 оны наймдугаар сарын 16-ны өдөр томилогдсон Б.Батбаяр, тэр үеийн Удирдах зөвлөлийг бүр ч их шалгах ёстой.  Ерөөс Б.Батбаяр захирлын үед гаргасан зээлүүд л Хөгжлийн банкийг шавартай нь хутгачхаж гэж дүгнэхэд нэг их буруудахгүй. Н.Мөнхбатын үеийнхний буруу ч энд тодорхой хэмжээнд бий нь мэдээж.

Анхны захирал Н.Мөнхбатын үед ТУЗ-ийн даргаар тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар томилогдож байж. Харин Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр Б.Батзаяа, Б.Найдалаа, Ч.Отгончулуу, Б.Лхагвасүрэн, М.Баянмөнх, Ч.Нэргүй, Д.Болдбаатар нар ажилласан. 2016 оны дөрөвдүгээр сарын 21 хүртэл Удирдах зөвлөлийн гишүүд хэд хэд солигдсон байдаг.   Н.Шинэбаатарыг АН-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярын хүн гэдэг.  Үндсэндээ тэр зүгийнхэн л Хөгжлийн банкийг удирдаж байсан гэсэн үг.  Сүүлд Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар,  гишүүн Ч.Отгончулуу нарыг хэрэгт холбогдуулан шалгаж, шүүх хурал нь ч болж байлаа.

Харин Б.Батбаярын үед ТУЗ-ийн даргаар Б.Даажамба, гишүүдээр Б.Баттулга, О.Хуягцогт, Б.Сүх-Очир, Ж.Оюунчимэг, Б.Махбал, О.Банзрагч тэргүүтэй хүмүүс ажиллаж байв. 2017 онд энэ бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт орж, 2019 он хүртэл Хөгжлийн банкаараа “нааджээ”.  Б.Даажамбыг тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын хүн ч гэдэг мэдээлэл гарч байсан.  Энэ хүмүүс л гол хариуцлагыг хүлээх ёстой. Түүнээс биш ганцхан захирлын албан хашиж байсан хүмүүс рүү дайраад байх нь өрөөсгөл.  20, 30, 50, 60 сая ам.доллар, еврогийн зээл өгч байхад ТУЗ-ийн дарга, гишүүд мэдээгүй байна гэж байхгүй. Гүйцэтгэх захирал дангаараа мэдээд шийдчихнэ ч гэж байхгүй.

2019 оны тавдугаар сард одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гурав дахь захирлаар томилогдон хэсэг зуур ажилласан. Тэрбээр ажлаа аваад нэг их удалгүй мэдээлэл хийхдээ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөг  гэж мэдэгдсэн. Мөн 2016 оны Засгийн газрын шалгалтаар 1.3 их наядын зөрчил илэрсэн талаар ч хэвлэлд ярилцлага өгч байсан юм.  Тэрбээр ажлаа өгөхөөсөө өмнөхөн буюу 2019 оны 12-р сард мэдээлэл өгөхдөө “Тусгай актив хариуцсан хэлтсийг байгуулсан. Тус хэлтэс байгуулагдсанаар таван сарын хугацаанд 3.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн” хэмээн мэдээлж байв.

Харин 2020 оны тавдугаар сард хэвлэлд ярилцлага өгөхдөө “Намайг өнгөрсөн оны таван сард ажлаа авч байх үед Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 65 хувь нь маш муу барьцаа хөрөнгөтэй эсвэл огт барьцаагүй байсан. Энэ алдааг бид засаж, оны эцэс гэхэд нийт зээлийн багцын 85 хувийнх нь барьцаа хөрөнгийг сайжруулж чадсан. Мөн барьцаа хөрөнгийн журам, зээлийн үйл ажиллагааны журамд зэрэг нийт 14 журам зааврыг шинэчилсэн. Үр дүнд нь аливаа зээл Монгол улсын хөгжлийн бодлогод нийцэж байгаа эсэх, хугацаандаа төлөгдөх эсэхийг шинжилж байж л олгогддог болсон” гэж ярьсан байна. Тэрбээр богино хугацаанд Хөгжлийн банкыг удирдахдаа дүрэм журам, үйл ажиллагааны хувьд сайжруулж, эргэн төлөлтөд ч маш сайн анхаарч байж. 6 сараас илүү хугацаанд ажилласан бол өнөөдрийн үр дүн арай өөр ч байж болохоор байна.

Түүнийг ажлаа өгснөөс хойш 2, 3 нь ч хүн Хөгжлийн банкны захирлаар ажилласан. Гэтэл 2019 оны тавдугаар сард 292 тэрбум байсан чанаргүй зээлийн хэмжээ өнөөдөр 1 их наядыг давчхаад байна. Нэмээд дахин 1 их наяд төгрөгийн зээл чанаргүйдэж, шүүх цагдаадаа тулах дээрээ хүрчихсэн, дотоод хяналт шалгалт хийж байгаа. Тэгэхээр 2020, 2021 онд зээлийн эргэн төлөлт бүр ёроолдоо хүрчихсэн гэсэн үг.  Ерөнхий сайд Н.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээл авчхаад “луу унжиж” байгаа нөхдүүдийг хүний, өөрийн нам гэлтгүй сайтар шалгаж, буруутай бол хатуу хариуцлага тооцохыг сануулсан. Үнэхээр түүний хэлснээр болж, хууль, хяналтын байгууллага нь шударга ажиллавал тэртээ 2012, 2013 онд зээл авчхаад, ганц төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа нөхдүүдээс эхлээд хариуцлага тооцох л ёстой. Мөн зээлийг замбараагүй олгож, барьцаа хөрөнгөгүй шахаа тэрбум тэрбумаар мөнгө “цацсан” ТУЗ-ийн гишүүдийг ч шалгах зайлшгүй шаардлагатай. Начир дээрээ хамгийн гол буруутан нь тэд. Бүр нарийн яривал, эрх мэдэлтнүүд өөрсдөө л Хөгжлийн банкаа “сүйрүүлсэн”.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.21.124.129Зочин   • 2022, 2 сарын 21. 14 цаг 02 минут

ugaasaa l TUZ l bugdiig shahsan bj taaraashdee

202.21.124.129Зочин   • 2022, 2 сарын 21. 11 цаг 53 минут

Новшнуудыг бүгдийг нь шалгаж хорьж мөнгөө олж авах хэрэгтэй. Шаардлагатай бол жагсая тэмцэе Монголчуудаа

202.21.124.129Зочин   • 2022, 2 сарын 21. 11 цаг 52 минут

Амартүвшинг л луйвардцан юм шиг яриад байсан угтаа бол ТУЗ нь өөрсдийн хамаарлаараа дамжуулж дампууруулсан юм байна ш дээ. Гайгүй яваа нэгнээрээ туг тахьчих гээд л байх юмаа



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.