Б.Цэвэгмид: Түгжрээд байгаа замуудын гэрэл дохиог цөөрүүлж, зүүн гар тийш эргэхийг хориглох хэрэгтэй


Admin
2-р сарын 16
15 цаг 40 минут

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах асуудлаар Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер асан Б.Цэвэгмидтэй ярилцлаа.

-Сургууль, цэцэрлэг орж эхлээд хотын хөдөлгөөн таг гацлаа. Түгжрэлийн шийдлийг хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн хувьд та яаж хардаг вэ?

-Ер нь шийдэл гэхэд нөхцөл байдал тун хүнд болчихоод байна. Улаанбаатар хотын төв рүү чиглэсэн бүх зам өглөө, оройгүй хэдэн цагаар түгжирч байна. Ийм байдалд бид сүүлийн хэдэн жил боллоо. Одоо бүр дасан зохицох талдаа орчихож. Түгжирч л байх ёстой юм шиг чимээгүй, хувь тавилантайгаа эвлэрсэн байдалтай байна. Яахав, ойр зуурын урсгал чиглэлийг өөрчлөх маягаар өнөө маргаашдаа хэрэгжүүлж, байдлыг хөнгөлөх боломж бий.

-Таныг замын цагдаад ажиллаж байх үед түгжрэл бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байв?

-Намайг ажиллаж байх үед ийм түгжрэл байгаагүй. Түгжрэл үүсч байсан ганц тохиолдол бол Баруун дөрвөн зам. Одоогийнхтой харьцуулахад бага л даа. Гэхдээ тухайн үедээ л түгжрэл үүсч олон нийтийг бухимдуулж байсан. Тэр үед би Баруун дөрвөн замын зүүн гар талын эргэлтийг хориглох саналыг гаргасан.

-Хэдэн онд юм бэ?

-1988 онд. Улаанбаатар хотын хүн ам 800 мянга орчим байсан байх. Баруун дөрвөн замын зүүн гар талын эргэлтийг хориглосноор уулзвар хоосон болж байсан удаатай. Тэгэхээр бидэнд гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулаад байдлыг хөнгөрүүлэх боломж байгаа юу гэвэл тийм. Түүнийг олж харж ашиглах, хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд л асуудал байгаа юм.

-Зүүн гар талын эргэлтийг хориглох шийдвэр өнгөрсөн жилүүдэд бас гарч байсан удаатай. Нэлээд маргаан болж байгаад цуцлагдсан. Хаана нь алдаа гарчихсан юм бэ?

-Хамгийн зөв шийдвэр байсан. 2016-2020 онд МАНУлаанбаатарт засаглаж байх үед замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлийг зөв хэрэгжүүлсэн ганц арга хэмжээ бол тэр. Түүн дээр нэг дутагдал байсан нь юу вэ гэхээр зүүн гар талын эргэлтийг хориглох юм бол орчныг тойруулах, зүүн гар талынх нь эргэлтийг уулзварынхаа төвөөс холдуулах, эсвэл тал навчны зарчим гэж бидний ярьдаг энэхүү гурван зарчмын аль нэгийг хэрэгжүүлж байж энэ шийдвэр үр дүнтэй болдог номтой. Түүнийг хэрэгжүүлэх тал дээрээ алдсан. Дээрээс нь улс төр орсон. Ер нь замын хөдөлгөөнөөс улс төрийг холдуулах ёстой. Улс төр ороод ирэхээр л замын хөдөлгөөнийг завааруулдаг. Хийх ёстой инженерийн шийдлийг байхгүй болгодог. Хэрэв тэр үед жижиг алдаануудаа засаад арга хэмжээг үргэлжлүүлсэн бол өнөөдөр Энхтайваны өргөн чөлөөг тэр чигээр нь зүүн эргэлтийг хориглоод, тэр хэмжээгээр хөдөлгөөн сийрэгжих боломжтой байсан юм шүү.

-Олон улсад замын түгжрэлийг яаж шийддэг юм бэ. Жишээ нь, Москва түгжрэлээ шийдэж чадахгүй гадны баг авчирч байсан гэж дуулддаг?

-Москва гаднаас хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн авчирсан гэж сонсоогүй. Учир нь ОХУ өөрөө хөдөлгөөн зохион байгуулалтын сайн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг уурхай нь шүү дээ. Ер нь Москва түгжрэлийнхээ асуудлыг шийдчихсэн.

Харин Бээжин, Япон Солонгос бол ази маягийн хөдөлгөөний зохион байгуулалттай. Манай улс европ маягийн хөдөлгөөний зохион байгуулалттай.

-Тодруулахгүй юу?

-Манайх Венийн конвенцийн гишүүн орон. Өөрөөр хэлбэл, манай нутаг дэвсгэр дээр Венийн конвенцийн гишүүн орнуудын авто машин чөлөөтэй зорчдог, бид ч бусад гишүүн орны нутаг дэвсгэр дээгүүр замын хөдөлгөний дүрмийг баримтлаад л явах боломжтой байдаг.

-Азийн орнууд ямар ялгаатай юм бэ?

-Бусад улс орны тээврийн хэрэгсэл нутаг дэвсгэр дээгүүр нь явах хориотой. БНХАУ гэхэд гадаадын тээврийн хэрэгсэл явах боломжгүй.

Харин Венийн конвенцийн гишүүн орнуудын замын хөдөлгөний дүрэм нэг гэсэн үг. Түүнээс гадна тухайн улс орон бүр өөрийнхөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд замын хөдөлгөөнийг зөвхөн Замын хөдөлгөөний тухай дүрмээр зохицуулна гээд заачихсан. Манай хуулинд ч байгаа.

-Тийм ялгаатай байх нь. Түгжрэлийг бууруулах шийдэл рүүгээ оръё. Давхар уулзваруудыг нэмэгдүүлэх нь зөв үү?

-Уулзваруудыг өөр түвшинд болгох шаардлагатай. Мэдээж энэ ажил хийгдэх ёстой. Ер нь Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан олон байна. Нэг жишээ хэлье. Таван шараас МУБИС хүртэл найм хүрэхгүй км замтай. Гэтэл тэр хооронд яаж түгжирдэг билээ. Найман км хүрэхгүй замд 23 гэрэл дохио байна. Гэрэл дохио түгжрэлийн эх үүсвэр. Гэрэл дохионд техникийн нөхцөлийг хангадаггүй, норм дүрэм маань байхгүй болчихсоны хар гай энэ. Тэгэхээр замын хөдөлгөөн дээр онолын үүднээс, шинжлэх ухаанчаар, мэргэжлийн зүгээс анхаарал тавихгүй бол энэ байдлаараа түгжрэлэээс хэзээ ч салахгүй.

Хотын захиргаанаас 71 км тойруу зам барих талаар ярьж байгаа. Тойруу зам хэрэгтэйгийн хувьд хэрэгтэй. Гэхдээ ганц тойруу зам бариад түгжрэл алга болохгүй. Улаанбаатар хотын төвд хүн амьдарч байгаа л бол энэ чигээрээ л байна. Тойруу зам ч бай, гурван гол зам бариад түгжрэлийг 50 хувь бууруулчихна гэж дарга нар өөрөө өөрсдийгөө хуурах хэрэггүй.

-Метроны төсөл олон жил хүлээгдэж байна. Баригдчихвал замын хөдөлгөөнд хувьсгал авчирна гэж ярьдаг?

-Хэрэгжээсэй. Улс орны эдийн засгийн боломж гарвал хэрэгжээсэй гэж хүсч байна. Тэр бол хотын хөгжил, түгжрэлд, шинэ тээврийн төрөлд том өөрчлөлт авчирна. Өчнөөн хэдэн зуун ажлын байр нэмэгдэнэ.

-Жолооч нарыг дүрмээ ягштал мөрддөг болгох гол арга зам таныхаар юу вэ?

-Дүрэм гэдэг дүрэм. Тэнд хүний эрх, ардчилал байхгүй. Хөдөлгөөнд яаж оролцохыг хуульчлаад заачихсан. Нэг үгээр цусаар бичигдсэн дүрэм гэж олон улсад ярьдаг. Ардчилал хөгжсөн оронд ч замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг. Дарангуйлалтай оронд ч биелүүлдэг.

Тэгэхэээр бид хамгийн түрүүнд хяналт шалгалтыг сайжруулах арга хэмжээний хувьд Тээврийн цагдаагийн байгууллага улс төрийн даалгавар биелүүлдэг, улс төрийн шинжтэй шоуныхаа ажлаас татгалзах ёстой. Тэд нар Замын хөдөлгөөний дүрмийн манаач байхгүй юу. Өчүүхэн зөрчил гаргасан ч хариуцлага тооцдог байх ёстой. Торгуул байх ёстой. Торгуулаа төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулдаггүй байх. Усынхаа дугаарыг татаж авдаг байх ёстой. Тэгэхгүй бол Өршөөлийн хууль хүлээсэн хэдэн зуун мянган жолоочтой болчихлоо. Хүн харахад тээврийн цагдаа нар торгууль бичээд мундаг ажил хийгээд байгаа юм шиг харагддаг ч тэр нь үр нөлөөгөө үзүүлэхгүй байна. Аргаа барахдаа торгуулыг чинь 50 хувиар бууруулъя, хурдан төлөөд өгөөч гэдэг. Төрийн ажил ийм балай, түцний наймаа шиг байж болохгүй. Дүрэм зөрчсөн, шийтгэсэн, торгуулаа төлсөн. Ийм л байх ёстой.

Дүрэм зөрчсөн жолоочийн халаасанд мэдрэгдтэл, орой гэртээ очихдоо хүүхдийнхээ талхны мөнгийг өөрийнхөө буруугаас болж торгуулд өгчихлөө гэж ухамсарт нь суух хүртэл хариуцлага тооцож байх ёстой юм. Олон нийт ачилтын компаниудыг эсэргүүцдэг. Хамгийн зөв арга хэмжээ тэр. Харин ч цөөхөн байна. Зогсоол дээрээ зогсдог, хориглосон газар зогсоогүй бол хэн ч тэдний машиныг ачихгүй. Гэрийнх нь гаднаас, зогсоол дээрээс машиныг нь ачаагүй. Дүрэм зөрчсөн учраас ачиж байгаа.

-Жолооч нар машин шүргэх төдийд, эсвэл осол аваар гарах үед зам нэлээд түгжирч харагддаг. Уг нь зураг хөргөө аваад баримтжуулаад замаа шуурхай чөлөөлдөг журам дүрэмтэй болчихвол?

-Ослоос болоод түгжрэл үүсэх бол цаг зуурынх. Үүнийг яаж ийгээд шуурхай шийдчихэж болно. Харин манай өөрийн гудамж замын сүлжээ, түүн дээр явж байгаа тээврийн хэрэгслийн урсгал мөнхийн юм. Мөнхийн юмаа яаж зохицуулах вэ, яаж хурдан шуурхай явуулах вэ гэдгээ л анхаарах ёстой.

-Ийм их түгжрэлтэй цаг үед автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулахад буруудахгүй гэсэн санал ч дуулддаг. Боломжтой юу?

-Тэгээд хуульгүй улсад амьдрах уу. Хотын захиргаанаас 2012 оны наймдугаар сарын 24-нд дугаарын хязгаарлалтын захирамжийг гаргаснаас хойш би өдөр бүр машинаараа явдаг. Хориотой өдөр нь ч тэр. Мөн тэр өдөр замын нэгдүгээр эгнээ гэж гаргаж ирсэн. Би одоо болтол нэгдүгээр эгнээгээр явдаг. Би хуулиа л биелүүлж байгаа. Тэр захирамж бол хууль зөрчсөн. Хэзээ ч ийм байж болохгүй. .

-Шийдэл биш гэж эсэргүүцээд байгаа хэрэг үү?

-Шийдэл мөн. Нийтийн тээвэрт нэг эгнээ чөлөөлж өгнө, түүгээр зөвхөн автобус троллейбус явна гэдэг шийдэл мөн. Тэр чинь өөрөө инженерийн шийдэл байхгүй юу. Энхтайваны өргөн чөлөөнд баруун гар талын эгнээг нийтийн тээвэрт чөлөөлж өглөө гэхэд техникийн нөхцөл нь хангасан, техникийн бичиг баримт бүрдүүлсэн бол нийтийн тээврийг явуулах ёстой.

Яагаад хүмүүс нэгдүгээр эгнээгээр зорчоод торгуулаад байгаа юм бэ гэхээр хотынхон техникийн нөхцөлийг хангаагүй эгнээн дээр гадаадад нэгдүгээр эгнээ чөлөөлдөг сайхан юм байдаг гэж хүчээр хуулаад авчраад тавьчихсанаас болоод одоог хүртэл маргаан үргэлжилдэг.

-Таныг цагдаа зогсоож, торгодоггүй хэрэг үү?

-Зогсоохоо ч больсон. Би тэр байтугай Улаанбаатар хот, Тээврийн цагдаагийн албанд өргөдөл өгсөн хүн. Чаддаг юм бол намайг торго гэж. Хууль бус учраас торгож чаддаггүй.

-Улаанбаатар хотын төв рүү орох шаардлагагүй жолооч нар тойрог замаар зорчих хувилбар ихээр яригддаг. Хотын зүүн захаас баруун зах руу, эсвэл урдаас хойд зах руу явах жолооч нар төв рүү орж түгжрэл үүсгэхгүйгээр тойрч явах тухай. Энэ шийдэл түгжрэлийг шийдэхэд хэр нэмэртэй вэ?

-Ер нь томоохон хотод тойрог зам барьдаг. Дамжин өнгөрөх гэж байгаа тээврийн хэрэгслийг хотынхоо төв рүү оруулахгүй, гадуур тойруулах үндсэн санаа. Мэдээж байж болох хувилбар. Москва хот шиг зүүн талаас нь ирээд баруун тийш, хойноос ирээд урагшаа дамждаг сүлжээ бий. Гэхдээ Улаанбаатар хотыг дамжаад өнгөрдөг урсгал маш бага. Баруун талаас ирээд Улаанбаатар хотод шавна, зүүн талаас ирээд л Улаанбаатарт шавна. Түүнээс биш Дорнодоос ирээд Ховд руу нэвт явдаг урсгал их бага. Ач холбогдол талдаа юу л бол?

-Ойрын хугацаанд шийдэж болох хувилбарыг та хэлээч. Энэ хавартаа замын хөдөлгөөний ачааллыг бууруулж болох шийдэл гэсэн үг. Жишээ нь, Яармагийн замыг яах вэ?

-Яармагийн замд ТЭЦ-3-ын зүүн урд талын уулзвар, Мишээлийн уулзвар гээд олон гэрэл дохио байдаг. Тэр олон гэрэл дохионууд түгжээд байгаа юм.

Тиймээс түгжрээд байгаа замуудын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх ёстой. Түүний тулд гэрэл дохио олон байвал цөөрүүлэх. Эсвэл зарим уулзварууд дээр, зарим гарцууд дээр зүүн гар тийш эргэхийг хориглож, түүнд оногдож байгаа цаг хугацааг чигээр нь нэвтэрдэг болгох хэрэгтэй. Өдөр тутмын арга хэмжээгээр хөдөлгөөнийг хөнгөлөх боломж хаа сайгүй байна. Замын элементийн алдаанууд түгжрэл үүсгэж байгаа талаар хэлсэн. Энэ бол нэг зун л засчих ажил. Хөрөнгө шаардахгүй бэлэн ажлууд шүү дээ. Яг үнэндээ хэлэхэд Хотын удирдлага тэнгэрийн юм, тэнгэрийн зам, том тойрог ярьж суугаагаас биш замын түгжрэлийнхээ шалтгааныг олоогүй сууж байгаа.

-Цаашид урт хугацаандаа Улаанбаатар хот замынхаа түгжрэлийг яаж бууруулах ёстой вэ?

-Замын түгжрэлийг шийдэхийн тулд таван төрлийн арга хэмжээ авах ёстой. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчиндоо ямар арга хэмжээ авах вэ. Дүрэм бол асуудалгүй. Тэртэй тэргүй олон улсынхаа гэрээ хэлцлийн дагуу шийдэгдчихсэн. Харин манайд хэрэгжүүлэлт дээр л асуудал байна. Наад зах нь манайх хамгийн сахилгагүй жолоочтой. Мал бэлчиж яваа юм шиг. Мэргэжлийн байгууллага, тээврийн цагдаагийн алба нь тийм жолооч нараа тоохоо больчихсон, анхаарал хандуулахаа байчихсан, улс төрийн даалгавар биелүүлдэг болчихсон. Хамгийн түрүүнд бидэнд замын хөдөлгөөнд дэглэм тогтоох хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлдэг болох ёстой. Оногдуулсан торгуулийг төлөхөө больсон шүү дээ. Дүрэм зөрчлөө гэхэд цагдаа торгуулийн хуудас бичихэд цочихоо больж, эмээхээ байчихсан. Яагаад гэвэл дараагийнхаа Өршөөлийн хуулийг хүлээж байгаа нь тэр. Тэгэхээр хэзээ ч өршөөж болохгүй. Дүрэм зөрчсөн жолоочид оногдуулах хариуцлагыг сайжруулах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, замын хөдөлгөөн, гудамж замын элементүүдэд алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага оногдуулдаг болох ёстой. Ер нь энэ түгжрэл бол гарын үсгийн түгжрэл байгаа юм. Гудамж замын элементүүдийг харахад бүгд алдаатай.

Гуравдугаарт, хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр маш том арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол хотын стандарт, гудамж замын норм дүрэм тэр чигээрээ алдагдчихсан. Дөрөвдүгээрт, замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлээр ажиллах. Манайд хөдөлгөөний зохион байгуулалт байхгүй болчихсон. Хэн дуртай нь юу дуртайгаа хийж болдог. Замын хөдөлгөөний зохион байгуулалт гэдэг бол инженерийн шийдэл байх ёстой юм. Нэг дарга нь гарч ирээд дугаарын хязгаарлалт тогтооно, нөгөө нь гарч ирээд нэгдүгээр эгнээ гэж ярина. Нэгдүгээр эгнээ гэж юу байдгаа ч мэдэхгүй улсууд захирамж гаргаад хотыг чинь тоглоод хаячихлаа.

Тавдугаарт, бид тээвэр зохион байгуулалтын асуудлыг шийдэхгүй бол яагаад ч Улаанбаатар хот түгжрэлээсээ гарахгүй. Орчин үед ложистик гэж ярьдаг болсон байна лээ. Би ганц жишээ хэлье. Түгжрэл гэдэг форум дээр сууж байхад Улаанбаатар хот 76.000 ачааны автомашинтай. Түүнээс 25.000 нь хөдөлгөөнд оролцдог. Тэр үед миний тоолж байснаар хотын тээврийн операци 7000-8000 хийгддэг. Нэг ёсондоо ийм тооны тээврийн үйлчилгээний хэрэгцээ л байдаг гэсэн үг. Үлдэгдэл 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл ажил ярих нэрээр л хотоор сэлгүүцээд явж байна. Гурвалжингийн тэнд, энд тэнд зам хаагаад, явган хүний зам дээр зогсож байдаг биз дээ. Энэ тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгохгүй бол яагаад ч ажил явахгүй.

-Нийтийн тээвэр бас хамаарна биз?

-Тэгэлгүй яахав. Тээвэр зохион байгуулалтын нөгөө нэг чиглэл нь нийтийн тээвэр. Нийтийн тээвэр бол Улаанбаатар хотын, төрийн бодлогоор явдаг цаг аль хэдийнэ өнгөрсөн. Нийтийн тээвэр хэдхэн сэргэлэн хүний гарт байна. Өнөөдөр зорчигч тээврийн урсгал, гудамж замын сүлжээнд тохирсон нийтийн тээврийн маршрут хийх ёстой байтал хэн нэгэн сэргэлэн этгээд хэдэн автобус өөрийнхөө нэр дээр бүртгүүлж аваад, өөрсдөө шугам бодож олоод санал гаргачихдаг. Түүнийг нь комисс нэртэй хүмүүс нь "Болох юм байна" гэж гарын үсэг зурсаар зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд гэхэд 20 гаруй маршрутын автобус нэг буудал зогсож байна. Ийм л юм үүсгэчихсэн.

Өнөөдөр нийтийн тээврийг Нийтийн тээврийн газар биш автобус өөрийнхөө нэр дээр олж чаддаг, маршрут олж авч чаддаг компанийн захирлууд л шийддэг болчихсон шүү дээ. Нийтийн тээвэр дээр анхаарах дараагийн асуудал бол такси. Улаанбаатар хотын такси үйлчилгээ байхгүй болсон. Улсын нийслэл байж таксиныхаа зах зээлийг хувийн стандарт бус тээврийн хэрэгсэл, дадлага туршлагагүй, мөнгө олох гээд явж байгаа хүмүүст бүрэн алдчихсан.

Сүүлийн авч болох хувилбар бол хяналт шалгалтын чиглэл. Замын хөдөлгөөнд хяналт шалгалт байхгүй бол ямар болдгийг одоо бид харж байна. Автобусны буудал дээр дүүрэн жижиг тэрэг зогсож байна. Хэн дуртай нь хаа дуртай газраа эргэнэ, үргэлжилсэн шугам давах, гэрэл дохио, эгнээ байраа зөв эзлэх ойлголт бүр байхгүй болчихсон. Үүнийгээ дагаад замын цагдаагийн үндсэн үүрэг бүр хаягдлаа. Хэрэв замын цагдаа хувийн компани байсан бол аль хэзээ дампуурлаа зарлаад татан буугдахаар болчихсон.

Ийм л хэмжээнд байгаа юм. Энэ таван чиглэлээр явж байж түгжрэлээс салах боломжтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.9.46.183Иргэн   • 2022, 2 сарын 16. 20 цаг 57 минут

Ер нь энэ явган хүн их гардаг газруудыг гүүрэн гац хийвэл бас түгжрэл буурах нэг шалтгаан нь шүү



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.