Дарва Бандида гэгээнтэн: Сэтгэлээ засаад гэгээлэг амьдарвал сайхан амьдрал тийм холын мөрөөдөл биш


Admin
2-р сарын 15
16 цаг 40 минут

Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хойд дүрийг 18 удаа тодруулснаас долоо нь Монголд мэндэлж байж.Монголд тодорсон анхны дүрийг нь Дарва бандид гэгээн хэмээн онцлон өргөмжилсөн юм байна.Сонирхуулж хэлэхэд, гэгээнтний анхдугаар дүр 1637 онд Монголд мэндэлжээ. Түүнээс хойшхи долоо дахь дүрээр нь 2013 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд мэндэлсэн 11 настай монгол хүүг тодруулсан аж. Дарва Бандида гэгээнтний долдугаар дүрийн хувилгаан Данзанчойжийлодойтой хийсэн ярилцлагаа хүргэе.

-Та Энэтхэгийн Сэра жи хийдэд ном үзээд арван жил болжээ. Одоо дахиад хэчнээн жил ном үзээд Монголдоо ирэх вэ?

-Арваад жил ном үзээд Монголдоо ирнэ.

-Лхарамба цолонд хүртлээ суралцах уу?

-Тэгнэ.

-Арваадхан настайдаа гэгээнтний хойд дүрээр тодорч байж. Анх гэгээнтний дүрд тодорсон мэдээг сонсоод төрж байсан мэдрэмжээ хуваалцаач?

-“Арай ч үгүй байлгүй дээ” гэж бодож байсан шүү (инээв). Гэнэтийн мэдээ байсан болохоор аав, ээж хоёр маань жигтэйхэн баярласан, бас сандарсан ч байх.Би өмнөд Энэтхэгт сурч байхдаа Өмнөговийн нэг хувилгаантай хамт ном үзэж байсан юм. Тэр хүү “Гэнэт орж ирээд тодруулаад аваад явсан” гэж ярьж байсан. Тэгэхээр ер нь л гэнэтийн зүйл болдог юм биш билээ.

-Таныг багадаа түүх сонсох дуртай хүү байсан, аав, ээжээсээ “Би том болоод яваад өгвөл та хоёр баярлах уу” гэж асууж суусан гээд өчнөөн яриа дурсамж сонслоо л доо…?

-Би багаасаа л шашин ном, улс орнуудын түүх сонсох дуртай байсан л даа. Тэр чигийн номнууд унших хорхойтой байсан. Бүр жаахандаа удам судраа их асуудаг байсан гэж аав, ээж хоёр ярьдаг юм.

-Тодорсныхоо дараа шууд Энэтхэг явсан уу?

-Эндээ монгол багшаараа анхныхаа “га” үсгийг заалгаж, төвд бичигт хэдэн сар суралцаж яваад Энэтхэг явсан.

-Энэтхэг ямар санагдсан бэ?

-Хийд орон нь яасан үзэсгэлэнтэй юм бэ, бурханы улс чинь ийм гоё байдаг байх нь гэж ирээд их догдолсноо мартдаггүй юм.

-Анх очоод ээж, аавыгаа жигтэйхэн санадаг байсан уу?

-Намайг анх очих үед интернэтийн хэрэглээ өнөөдрийнх шиг сайн байгаагүй учраас тэр бүр холбогдож чаддаггүй байсан юм. Тийм болохоор аав, ээж, эгч, ойр дотны хүмүүсээ маш их санадаг байсан. Би дээрээ нэг эгчтэй, доороо нэг дүүтэй. Дүү маань намайг Энэтхэгт сурч байхад төрсөн болохоор сая ирэхэд нэлээд гайхаж байна лээ (инээв). Одоо сардаа нэг холбогдчихдог болохоор гэрийнхнээ санах нь багассан.

-Аав, ээж нь Рашаант сумандаа ямар ажил алба хашдаг вэ?

-Аавыг маань Дэмбэрэлсамбуу, ээжийг минь Оюунцэцэг гэдэг. Аав цаг уурт ажилладаг, ээж цэцэрлэгийн багш.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

-Өглөө зургаан цагт босч, орой 11.30 цагт амарна. Өглөө, өдөр, оройны хоолны завсар хоёр цаг гаруй амралттай. Үлдсэн цагуудад нь номоо үзнэ, буддын гүн ухаанд суралцана, үзсэн номоороо мэтгэлцэнэ. Маш олон ном цээжлэх шаардлага гардаг учраас ном, эрдэмдээ тасралтгүйгээр шамддаг.

-Хийдэд шавилах хугацаандаа цагаан хоол л идэх үү?

-Хийдээс цагаан хоол өгдөг. Гэхдээ монгол хүн учраас, биед хэрэгтэй гэдэг утгаараа хааяа махан хоол иднэ ээ.

-Хувилгаан хүний нийгэмд үзүүлэх учиртай үүргээр ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Миний хувьд хувилгаан хүн соён гэгээрүүлэгч байх ёстой болов уу гэж боддог. Түмнээ зөв зүйлд уриалж дагуулдаг хүн байх ёстой.

Бурханы шашны нэг том үүрэг бол олныг гэгээрүүлэх. Гэгээрүүлэх гэхээр ихэнх хүн өөрөөсөө хол, хүршгүй оргилын зүйл мэт сэтгээд байдаг л даа. Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. Муухай зуршлаас салахад нь тусалж, сайханд тэмүүлэх хүч өгч дэмжих нь бурханы шашны үүрэг, нүгэл, буяныг ялгаж, сайныг үйлдвэл амьдралд нь эерэг нөлөө гардаг, мууг үйлдвэл сөрөг нөлөө ирдэг гэдгийг л ухаж ойлгох нь гэгээрэл. Бухимдалтай хүний уурыг арилгах арга гарцуудыг хэлж өгөх гэх мэтээр хүмүүний сэтгэлийг зөв тийш нь хандуулахад бурханы шашин гүн гүнзгий номлол, ухаантай.

-Хүмүүс зовохоороо гаднаас шалтгаанаа хайгаад байдаг, гэтэл буддизм чиний дотор бүх юм бий гэдэг, ямар амьдрах нь чиний л сонголт гэдэг…?

-Олон хүн “Энэ хүн намайг уурлуулчихлаа гэж боддог. Уг нь уурлах эсэх нь тухайн хүний өөрийнх нь мэдэх хэрэг шүү дээ. Сэтгэлээ удирдаж чадвал гадны нөлөө хэчнээн их байсан ч уурлахгүй байх боломжтой. Буддын ухааны хувьд сэтгэлээ удирдах аргыг нь зааж өгдөг. Тэр утгаараа түмэнд тустай ухаан. Хүнд өөрийгөө зөвтгөх дадал суучихсан байдаг л даа. Бусдаас ирдэг сөрөг хандлагыг мэдрэхээрээ “Энэ хүн намайг хорлох гэж байна” гэсэн дүгнэлт хийчихдэг. Ингэхийн оронд “Энэ хүн уурлаад байгаагийн цаад шалтгаан нь юу бол. Миний хийсэн ямар нэг үйлдэл ийм хандлага гаргахад нь хүргэсэн юм биш биз” гэсэн асуултыг өөртөө тавьж, хариуг нь дотроосоо эрж хайвал зөв гарц нь тодроод ирдэг. Өөрийгөө анзаараад ирвэл учрыг нь ухаж бодох хүчтэй болдог.

-Монголдоо ирээд олон хүнтэй уулзаж байгаа байх. Хүмүүс уулзахаараа юу асууж, юу хүсч байна?

-Бид уг нь сэтгэл судлал тал руугаа илүү хандаж, хүний сэтгэл санааг яаж тайвшруулах вэ, хэрхэн сайн сайхны зүг хөтлөх вэ гэдэгт шамддаг. Гэтэл олонх сүсэгтнүүдийн хувьд энэ шамдлыг анзаарахгүй яваа шиг санагддаг. Яг үнэнийг хэлэхэд, монголчууд маань ажил үйлс бүтээгээд өгөөч гэж хандаад байдаг. Бурханы шашныг тэгж харж, хүлээж авах нь буруу л даа. Сэтгэлээ засахыг урьтал болголгүйгээр ажлаа бүтээх гэж хандах нь зөв биш. Сэтгэлээ засах арга гарцыг л бурхан шашнаасаа, буддын ухаанаас хайж эрж, олоосой гэж хүсдэг. Дахиад хэлэхэд, хуврагийн үүрэг бол хүнийг сайн зүг рүү нь чиглүүлэх. Уур хилэнгийн шалтгааныг нь хэлж өгч эерүүлэх, бусадтай харилцах харилцаан дээр нь зөвлөж туслах нь бидний үүрэг. Хувраг хүн ийм үйлд анхаарч олны сэтгэлийг засахад шамдах учиртай. Түүнээс биш чинээлэг хүний заслыг хийгээд мөнгө аваад амьдрах нь хувраг хүний чин зоригдол биш. Лам гэхээр л засал хийдэг хүн гэж харж, засал хийнгүүт ажил үйл нь бүтнэ гэж ханддаг нь олонх байгаад эмзэглэдэг. Өөрөөр өөрийнхөө сэтгэлийг засаад гэгээлэг амьдарвал сайхан амьдрал тийм холын мөрөөдөл биш. Бурханы шашин үүнийг нь номлож, ухааруулахыг зорьдог.

-Лам хүн бол сэтгэл засалч шүү гэдгийг мэдрүүлсэн эрдэм номтой хуврагууд цөөнгүй байна л даа. Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэнгээс эхлээд. Манайхан лам нарыг сэтгэл засалч гэж харж зорьж хандахгүй байгаа нь нөгөө талдаа шашныг бизнесийг болгосон хуврагууд олширсонтой холбоотой байх аа?

-Өнгөрсөн зууны эхээр эрдэм номтой лам нараа олноор нь хэлмэгдүүлж хөнөөсөн, социализмын хэдэн арван жилд шашныг хорьж хаасан гэх мэт шалтгаан сая таны хэлсэн байдлыг үүсгэх үүтгэл нөлөө болсон тал бий. Орчинд үед өөр болсон. Бид Энэтхэг рүү явж сураад байгаа нь цаанаа мэдлэг боловсролтой шинэ үеийнхнийг бэлдэж яваагийн нэг тод илрэл л дээ. Засал гүрэм хийж өгөх нь буруу биш, гэхдээ одоо бурхан шашныг тухайн хүний сэтгэлийг засаад зөв сайхан руу чиглүүлэх гэж хардаг болох хэрэгтэй.

-Таны Монголдоо ирээд хийхийг хүсч байгаа хамгийн том зорилго юу вэ?

-Миний хувьд Монголдоо бурхан шашныг өөрийнхөө чадах хэмжээнд дэлгэрүүлнэ гэж боддог. Сахил нь ариун, мэдлэг боловсролтой, зүгээр нэг засал ном хийдэг биш хүний сэтгэл зүрхийг засч чаддаг, ном номлож чаддаг лам нарыг бэлдэхсэн гэж хүсдэг.

-Таны үзэж буй номноос тайлж уншихад хэцүү нь ямар судар байв?

-Буддын ном судрууд гайхамшигтай гүн. Нэг үгний цаана гэхэд л асар их утга оршиж байдаг. Мэргэд гэгээнтнүүд дөрөвхөн шадад л асар их ухааныг шингээсэн байдаг нь гайхалтай шүү.

-Шинжлэх ухаанд хамгийн ойр шашин буддизм гэдгийг барууны олон том эрдэмтэ хүлээн зөвшөөрсөн. Одоо ч эрдэмтдийн дунд буддизмыг сонирхох хүн олон байна.Дэлхийн тархи судлалын шинжлэх ухааныхан гэхэд л буддистуудтай нийлж их хурал хүртэл зохион байгуулж эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлдэг.Танай хийдэд өрнийн эрдэмтэн судлаачид яг ийм зорилгоор хэр олноороо ирдэг вэ?

-Манай хийдэд Америк гэх мэт улсаас эрдэмтэд ирж судалгаа хийдэг. Далай лам манай лам нарт “Өрнийн философийг судлаарай” гэж их захидаг. Өнөөхөндөө миний зиндаа болоогүй учраас өрнийн гүн ухаан, шинжлэх ухааны талаар нарийн судалж уншиж завдаагүй л явна. Ер нь тэд биднийг, бид тэднийг их судалж байгаа.

-Өрнийн орнуудаас Энэтхэгт ном үзэж байгаа хувраг олон биз?

-Олон байх аа. Миний мэдэхээр лав хорь орчим хүн бий.

-Далай лам багшийг тань зааж өгсөн гэл үү?

-Тэгсэн. Би төвд, монгол хоёр багштай. Монгол багш маань ойролцоо амьдардаг учраас байнга цуг байдаг. Миний номыг шалгана, өдөр бүр номоо таслахгүй үзэж байгаа эсэхийг анзаарна. Төвд багшийн хувьд ерөнхийдөө гүн ухаан заана. Монгол багш маань ч гүн ухаан заадаг.

-Таныг тодруулсан Далай ламын онцгой тал гэвэл та юуг онцлох вэ. Далай багштай анх хэзээ уулзаж байсан бэ?

-Зүйрлэхэд сайхан үг багадахаар хүн гэж байдаг даа, Далай лам миний хувьд тийм л эрхэм хүн. Далай багшийн сургаалийг сонсох дуртай. Хамаг амьтанд туслаж, хамаг амьтанд нигүүлсэх хандах тухай сургаалиудыг нь сүсэлж дагадаг. Тийм сэтгэлийг дадуулахсан гэж хичээж явдаг. Далай багштай 2017 онд анх уулзаж байсан. Далай багшийн мэндэлсэн өдөр манай хийдэд болсон юм. Тэр үед Далай багшид бараалхахад “Мэгзэм сайн унших хэрэгтэй” гээд нэг тарнийг тухайлан хэлж өгсөн.

-Төвөдөөс Энэтхэгт ирж сурах хувраг цөөрсөн гэж үнэн үү?

-Төвөдөөс ирэх нь их цөөрсөн. Улам хатуу болоод байгаа.

-Таны өмнөх дүрүүдээс аль дүр нь илүү дотно, онцгой санагддаг вэ?

-Бурхан багшийн үед амьдарч байсан анхны дүр их гоё санагддаг. Мянган галавт ганц бурхан морилоход учраад гэгээрлийн хутгийг олно гэдэг ховор хувь заяа.

-Та Хөвсгөл аймгийн бурхны шашинтны тэргүүний хувьд нутаг орондоо ямархуу ажил хийхийг зорьж байна вэ?

-Хөвсгөл аймгийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлыг байгуулсан. Манай аймагт үйл ажиллагаа явуулж буй 20 орчим хийдийн тэргүүн лам нар уг зөвлөлд багтдаг. Намайг энэхүү зөвлөлийн тэргүүнээр 2017 онд өргөмжилсөн юм. Хурлын даргаар нь Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн хамба лам, ажлын албаны даргаар Гандандаржайлин хийдийн Да лам ажиллаж байгаа. Ингэж тэргүүн лам нарын зөвлөл байгуулснаар хийдийн тэргүүнүүдээр дамжуулан Хөвсгөл аймгийн хүрээ, сүм хийдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэргээх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлыг төлөвлөж байна. Мөн манай тэргүүн лам нарын зөвлөлийн санаачилгаар “Дарба бандида гэгээний лавран” нээн ажлуулж сүсэгтэн олонд бурхны шашныг таниулах, уламжлалт шашин, соёлоо сурталчлах ажил хийхээр зорьж яваа. Энэхүү лавран байгуулах ажлыг Хөвсгөл аймгийн ИТХ дэмжин оролцож байгаад талархал илэрхийлье.

-Та түрүүн бурхны шашинтны залгамж халаа, залуу боловсон хүчнүүдийг бэлтгэнэ гэсэн утгатай үг хэлсэн. Энэ чиглэлээр ямар нэгэн ажил эхлүүлсэн үү?

-2012 оноос хойш өмнөд Энэтхэгийн Сэра дацанд уламжлалт цанид чойрын гүн ухааны номд хичээнгүйлэн суралцсаар арван жилийг үджээ. Намайг дэмжин тусалдаг өглөгийн эздийн буянаар сая цагаан сарын өмнөхөн Сэра дацандаа өөрийн лаврантай боллоо. Ингэснээр номын багш нараа дэргэдээ байлган ном заалгах, шавь нар сургах боломжтой болсон. Энэ бол маш чухал зүйл. Боломж, нөхцөл бүрдсэн учраас өөрийнхөө дэргэд залуу лам, хуврагуудаа сургах, суралцуулахад нэлээн анхаарах бодолтой байна. Эх орондоо байх хугацаандаа Хөвсгөл аймгийн бүх сумдаас буддын гүн ухаан, аг тарнийн ухаан, түүнчлэн уламжлалт анагаах ухаан, одон орон, зурхайн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх шаталсан сургалтад суралцахыг хүссэн хүүхдүүдийг шалгаруулж авна. Тэдгээр хүүхдийг эхний ээлжинд Хөвсгөл аймгийн бурхны шашинтны төв Гандандаржайлин хийдийн цогчэн хурлын сургуульд хоёр жил суралцуулах юм. Дараа нь тэднээсээ сонгон шалгаруулж БНЭУ-ын сургуулиудад үнэ төлбөргүйгээр суралцуулах зэргээр төлөвлөж байна.

-Ярилцлагаа хөнгөхөн асуултаар төгсгөе. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Манай хийд долоо хоногийн нэг өдөр амардаг юм. Тэр өдөр нь хийдийнхээ лам нартай хөлбөмбөг тоглох дуртай. Би маш олон төвд найзтай. Найзуудаа улсынхаа тухай ярина, зөрүүлээд төрсөн нутгийнх нь тухай асууна. Амралтын өдрөө хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөдөг шүү (инээв).

 

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.88.206үүлэн т.   • 2022, 2 сарын 16. 8 цаг 42 минут

сошиалаар дахин сэвэх юмсан. Хүмүүст сэтгэлийн боловсрол байхгүй болжээ. Сэтгэлийн боловсрол, бусдыг хайрлах сэтгэлгүй хүмүүс хэчнээн сайн боловсрол эзэмшсэн ч тэрийгээ буруугаар ашиглан улс орноо хэцүү байдалд оруулж байна. Энэ бол тэнэг мулгуу байхаас дор явдал юм. Хүмүүс минь дотогшоо өнгийж, өөрийгөө шинжиж өөрийгөө цэгнэж явахыг зааж сургадаг бурханы шашныг судлаж, багахан ном сургааль үзээрэй. Орчин үеийн хүүхэд залуучууд бурханы шашин номыг үгүйсгэгчид л болждээ...

202.126.88.206үүлэн т.   • 2022, 2 сарын 16. 8 цаг 37 минут

Энэтхэгт суралцаж байгаа залуу гэгээнтнүүд маань нас биед хүрч, Монголдоо буцаж ирээд олон хүнд тустай, гэгээрлийн мөн чанарыг таниулах байх гэж найддаг юм. Гэгээнтнүүдийг хүндлэн олон нийтэд буяны үйлийг ойлгуулж, харанхуй нүх шиг амьдралд нь салхи, гэгээ оруулах хэрэгтэй. Наро Банчин гэгээнтний оролцсон олон сайхан нэвтрүүлэг байдаг. Тэр мэт бусад гэгээнтнүүдийг олонд таниулж эрдэм мэдлэг, увидас чадварын олонд таниулах юмсан. Мөн бурханч лам Пүрэвбатын айлдсан аиьдралд ойр олон сургааль байдаг. Тэр ярилцлагуудыг хэдэн хэсгээр тасалж сошиалаа



Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.