Түүхэн товчоон: "Соёмбо бичиг"


Admin
2-р сарын 9
7 цаг 50 минут

1686 онд Халхын Өндөр гэгээн Занабазарын зохиосон бичиг.

Соёмбо бичгийг Өндөр гэгээн Занабазар 1686 онд эртний Энэтхэгийн ланз бичигт тулгуурлан зохиожээ. Тус бичгийг улс төр, соёлын зорилгоор зохиосон агаад Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэлгэдэх, бурхны шашны ном зохиол орчуулахад монгол, санскрит, түвэд үгийг бүрэн тэмдэглэхийг зорьсон ажээ. “Соёмбо” гэдэг нь санскрит хэлээр “өөрөө бүтсэн гэгээн” гэсэн утгатай.

Соёмбо бичиг нь 90 үсэгтэй, хэвтээ, босоо аль аль чиглэлд бичиж болдог. Соёмбо бичиг нь бусад бичгийн нэгэн адил худам монгол бичгээс даван гарч чадсангүй, шашин ном тэргүүтэн явцуу хүрээнд хэрэглэгдсээр иржээ. Энэ нь тус бичиг Монголын тусгаар тогтнолыг бэлгэдэж байсан учир манж нар түүнийг дэлгэрүүлэх дургүй байсан, мөн зурлага ихтэй тул хурдан түргэн бичихэд төвөгтэй гэх мэт шалтгаантай холбоотой бололтой. Тиймээс тус бичгээр тэмдэглэгдэн үлдсэн дурсгал төдий л олонгүй.

Харин XX зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхагласны дараа соёмбо бичгээр төрийн тамга, тэмдгийн бичээсийг бичих, тус бичгийн эхлэлийн тэмдэг болох “соёмбо” гэгч дүрсийг тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон туг далбаа зэрэгт дүрслэх болжээ.

Соёмбо бичгээр цөөнгүй бичиг судар бичигдсэн гэсэн мэдээ байх боловч, одоо уламжлагдан ирсэн нь нэн цөөн ажээ. (Ц.Цэрэндорж)

Ашигласан ном зохиол

Төв Азийн нүүдэлчдийн бичиг үсгийн товчоон, редактор Болд Л., Бат-Ирээдүй Ж., УБ., 2001

Шагдарсүрэн Ц.,  Монголчуудын бичиг үсгийн товчоон, УБ., 2001

Кара Д., Книги монгольских кочевников (семь веков монгольской письменности), М.: Наука, 1972

Ts.Shagdarsuren, Correlation between Korean and Mongolian scripts // Mongolian Studies, Vol. 4, Seoul, 1996

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

Ринчен Б., Из нашего культурного наследия (Сборник статей), УБ., 1989

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Өндөр гэгээн Занабазар, худам монгол бичиг
Төрөл бичиг үсэг
Цаг үе XVII зуун-орчин үе
Салбар, чиглэл түүх

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.