Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна


3-р сарын 12
18 цаг 08 минут

Одоогийн байдлаар Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн. Нийслэлийн хэмжээнд халиа тошин, шар усны үерт нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн аюулын индекс маш их байгаа бол Багануур дүүрэг их, Хан-Уул, Баянгол дүүрэг дунд, Баганхангай, Налайх дүүрэг бага түвшинд байна. Харин нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу маш өндөр түвшинд байгаа юм.

Шар усны үерт өртөх эрсдэлтэй 1120 нэгж талбарт 1487 өрх байгаагаас 388 нэгж талбарын газрыг ашиглаж буй иргэд хууль ёсны зөвшөөрөлгүй байна. Тэдгээр айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Тодруулбал  Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40, Сонгинохайрхан дүүргийн 135 буюу нийт 464 айлд мэдэгдэл хүргүүлжээ.

Нийслэлийн холбогдох байгууллагууд шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа тошин үүссэн байршил дахь мөсийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 6-ны хооронд зөөж тээвэрлэсэн. Энэ хүрээнд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11,091 рейсээр 221,820 тонн мөсийг тээвэрлэсэн байна.

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгддэг. Үүнээс 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа. Орон нутгаас шилжин ирсэн зарим айлууд буух газаргүй улмаас үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна.

Төрийн байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч эрсдэлээс бүрэн хамгаална гэсэн үг биш. Тиймээс үерийн эрсдэлтэй байршилд амьдарч байгаа айл өрхүүд өөрсдийн амь нас, эд хөрөнгийг аюулаас хамгаалах, нүүх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.