Японд 11 ДЦС-ын үйл ажиллагааг хэсэгчлэн эсвэл бүрэн зогсоожээ


3-р сарын 17
15 цаг 20 минут

Пүрэв гарагт шилжих шөнө зүүн хойд хэсэгт нь болсон газар хөдлөлтийн улмаас Японы эрх баригчид бүс нутгуудаас хамааран орон нутгийн 11 дулааны цахилгаан станцын /ДЦС/ үйл ажиллагааг хэсэгчлэн эсвэл бүрэн зогсоох шийдвэр гаргажээ.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны цахим хуудсанд мэдээлснээр, үйл ажиллагааг нь зогсоох ДЦС-ууд зүүн хойд нутгийн Иватэ, Мияги, Фүкүшима, мөн зүүн нутгийн Ибараки мужид оршдог байна.

Үүнээс гадна, дэлхийн чипний зах зээлийн 17 хувийг эзэлдэг Японы “Renesas Electronics” компани гурван үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор болсноо мэдэгджээ.

Лхагва гаргаас пүрэв гарагт шилжих шөнө Японы зүүн хойд нутагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт нь Фүкүшима мужийн эргээс зүүн зүгт Номхон далайд 60 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлт тус улсын зүүн хойд эрэгт цунамийн аюул учруулжээ. Фүкүшима, Мияги мужуудын эрэгт 20 см орчим өндөр давлагаа үүссэн бол одоо цунамийн аюулын бүх сэрэмжлүүлгийг цуцалсан байна. Японы газар хөдлөл судлаачид ирэх долоо хоногт газар хөдлөлтийн дараах хүчтэй чичирхийлэл болж  магадгүйг анхааруулжээ.

Тус улсын хэвлэлүүд болон мужуудын аврах албаныхны мэдээлснээр, газар хөдөлсний улмаас хоёр хүн амиа алдаж, 126 хүн гэмтсэн байна. Байгалийн гамшгийн улмаас цахилгаан хангамж, төмөр замын тээвэр тасалджээ. Одоогоор гамшгийн уршгийг арилгах ажил үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ


Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих IREPORT.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.