Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нэгдүгээр сард гарсан үймээн самууныг дарснаас хойш хоёр сарын дараа лхагва гарагт мэдээлэл хийв. Тэрээр ард түмэндээ хандаж "супер ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр"-ээс хүчирхэг парламенттай ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улс руу шилжиж, ерөнхийлөгч нь намуудын ажилд оролцохгүй, төрөл төрөгсөд нь төрийн албан тушаал хашихгүй” гэж мэдэгдэв.
"Төрийн тэргүүн нь бүх иргэдэд тэгш боломж олгох хөдөлшгүй баталгаа болж ажиллах ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийн ойрын төрөл төрөгсөд улс төрийн төрийн албан хаагч, төрийн албан тушаал хашихыг хууль тогтоомжоор хориглоно.
Казахстанд нэгдүгээр сарын эхээр шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан эсэргүүцлийн жагсаал, улмаар эмх замбараагүй байдал болон даамжирсан. Мэргэжилтнүүд Казахстанд болсон энэхүү үйл явдлыг элитүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл тодорхойлсон юм. Харин үүний үр дүнд "Үндэсний эцэг" бөгөөд анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус улсын удирдлагаас бүрэн татгалзсан.
Их Британийн Хатан хааны олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Кейт Маллинсон Назарбаев гэр бүлийн хамгийн чухал гишүүдээ аюулгүйгээр гадагш гаргаж, Казахстан дахь хөрөнгөө хамаатан садандаа хэсэг хугацаанд дуулиан чимээгүйгээр өгөх боломжийг хангаж өгсөн бололтой гэжээ.
Харин Токаев төрийн аппаратад бүрэн хяналт тавьж, Назарбаевын гэр бүлийн нөлөөг арилгаж, улс орныг хэн удирдаж байгааг харуулж байна.
Эсэргүүцэл намжихын хэрээр Токаев экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үед хэт хөрөнгөжсөн чинээлэг иргэдийн давхарга бий болсон гэдгийг хэлж, бусадтайгаа хуваалцах цаг болсныг анхааруулаад байгаа юм.
Назарбаевын засаглалын үед түүний төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүс төрийн өмчийн томоохон корпорациуд, төрийн байгууллагуудад өндөр албан тушаал хашиж байв. Харин нэгдүгээр сарын эсэргүүцлийн дараа Назарбаевын гэр бүл байр сууриа аажмаар алдаж эхэлсэн.
Назарбаевын зээ хүүг баривчилжээ
Эдүгээ тус улсад Назарбаевын төрөл төрөгсөд шил шилээ харан албан тушаалаа алдаж, зарим нь мөрдөн шалгагдаж эхлээд байна. Назарбаевийн овгийн нөлөөг сулруулах нь одоогийн эрх баригчдын үйл ажиллагааны нэг чиглэл болсныг мэргэжилтнүүд онцолж байна.
Төрийн өмчит томоохон компанийн албан тушаалаа орхиж буй өөр нэг хамаатан нь Назарбаевын зээ хүү Кайрат Сатыбалды болов. Казахстаны авилгатай тэмцэх алба гуравдугаар сарын 13-нд анхны Ерөнхийлөгчийн 51 настай зээ хүүг саатуулжээ. Сатыбалдыг "Казахтелеком" ХК-ийн томоохон хэмжээний авилгын хэрэгт яллагдагчаар татсан гэж мэдээлэв. Баривчлагдсаны маргааш тус компанийн Алма-Ата дахь оффист нэгжлэг хийжээ.
Сатыбалды карьерынхаа туршид Астана хотын захирагчийн орлогч, "Казахойл" компанийн дэд ерөнхийлөгч, Казахстаны төмөр замын нэгдүгээр дэд ерөнхийлөгч, авга ахынхаа удирддаг "Нур Отан" намын нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 2018 онд Forbes сэтгүүл түүнийг Казакстаны хамгийн баян 50 хүний нэгээр нэрлэж байв.
Токаев юуны тухай ярив
Нэгдүгээр сарын хэрэг явдал эхнээсээ төрийн эргэлт хийх оролдлого байсан гэдгийг эрх баригчид хэлж байгаа. Энэ үймээнд "гадаадын террористууд" оролцсон гэж мэдэгдсэн. Токаев ч мэдэгдэлдээ энэ тухай давтаж, үймээний зорилго нь Бүгд найрамдах улсын эрх мэдлийг гартаа авах явдал гэв.
"Террористууд төрийн байгууллага, стратегийн объект, аж ахуйн нэгж рүү халдаж, төр засгийг гутаан доромжлохын тулд энгийн иргэд рүү буудсан. Энэ бүхнийг гадаадын радикал хүчнүүд зорилгодоо ашиглахыг хүссэн. Казахстаныг байлдааны талбар болгож, бидний амар тайван амьдралыг сүйрүүлэхийг оролдсон. Тэд Ерөнхийлөгчийг эрх мэдлээс нь огцруулахыг хүссэн" гэж ерөнхийлөгч хэлэв.
Түүний хэлснээр, үймээнд оролцсон Казахстаны хүчний зарим албаныхны хуйвалдааны хэргийг хууль сахиулах байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа гэжээ.
Аюулгүйн албаныхан болон тэдний хамсаатнуудын хуйвалдааны хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нууцын зэрэглэлд эрчимтэй үргэлжилж байна. Цаашид гэрчүүдтэй холбогдох, шалгалт явуулах, янз бүрийн мэдээллийг судлах маш их ажил байна" гэж Токаев хэлэв.
Өмнөх элитүүдээс хэн хэн албан тушаалаа алдав
Казакстаны нефть, байгалийн хийн үндэсний компаниудад албан тушаал хашиж байсан Димаш Дасанов, Кайрат Шарипбаев нар нэгдүгээр сарын 5-ны үймээний дараа удирдах албан тушаалаа орхисон. Тимур Кулибаев Үндэсний бизнес эрхлэгчдийн танхимын даргын албан тушаалаасаа огцров. Нэр бүхий энэ гурван албан тушаалтан бол Наарбаевийн хүргэнүүд юм.
Түүнчлэн үймээний дараа Назарбаевийн зээ нарын нэг Самат Абишаас бусад Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны удирдлагыг бүхэлд нь баривчилжээ. Ажиглагчид Абишийг мөн удахгүй баривчлагдана гэж таамаглаж байна.
Казахстаны ерөнхий прокурор Берик Асылов даваа гарагт парламентын доод танхимд үг хэлэхдээ, үймээний үеэр Казахстаны хууль сахиулагчид эрх мэдлээ урвуулан ашигласан, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр 243 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эдгээр хэрэгт есөн албан тушаалтан, түүний дотор Үндэсний аюулгүй байдлын хорооны найман ажилтан, цагдаагийн нэг албан хаагчийг баривчлан хорьж байгааг мэдээлэв.
Казахстаны парламентын доод танхим 1-р сарын 19-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг бүх насаар нь Казахстаны Аюулгүйн зөвлөл болон Казахстаны ард түмний ассамблейн даргаар ажиллах эрхийг нь хассан юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл бичих