Одоогоос яг хагас зуун жилийн өмнө буюу 1973 онд тухайн үеийн БНМАУ бүх нийтээр бичиг үсэгтэн улс болсныг НҮБ зарлаж байсан бол өдгөө бүх нийтээр хос бичигтэн болох цаг үе хаяанд тулж ирлээ. Хуульд зааснаар 2-хон жилийн дараа буюу 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах бүх байгууллага албан хэргийг кирилл ба монгол бичгээр хөтлөн явуулах ёстой.
Олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж, алс холд аян дайн хийж явахдаа монголчууд бидний өвөг дээдэс соёл боловсрол гэдэг зүйлийг орхигдуулж гээгдүүлэлгүй өнөөг хүртэл авч явж, дэлхийн соёл иргэншилд хувь нэмрээ оруулж байсны нэгэн тод жишээ бол монгол бичиг юм.
Монгол туургатнууд дөрвөлжин, тод, соёмбо, төвд, вагиндра, кирилл гэх мэт олон төрлийн бичиг үсгийг хэрэглэж ирсний дотроос хамгийн удаан, тасралтгүй хэрэглэгдсээр ирсэн нь чухамдаа монгол бичиг билээ.
“Монгол бичиг”, “Худам монгол”, “Хуучин бичиг”, “Уйгуржин бичиг” гэх зэрэг олон янзаар нэрлэдэг энэ бичгийн гарал үүсэл, мөн чанарын талаар ихээхэн маргаантай явж ирсэн боловч тэрхүү бичиг чухамдаа нийт монгол туургатны бичиг соёлын түүхнээ онцгой байрыг эзэлсээр байгаа нь уг бичгийг монгол даяар өргөн хүрээнд, урт удаан хугацаанд тогтвортой хэрэглэж ирсэнтэй холбоотой.
Дэлхийн хэмжээнд гайхалтай гэж үнэлэгдсэн 7 бичиг үсэг байдгийн нэг нь монгол бичиг.
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах оронд амьдарч буй 4 сая гаруй монголчууд монгол бичгээр хоорондоо харилцдаг. Орос улсад амьдардаг халимагчууд монгол бичгээ сэргээх гэж оролдож байна.
Их Монгол улсын албан ёсны бичиг байсан монгол бичиг бол монгол үндэстний мянга гаруй жилийн түүхийг хадгалж буй түүх, соёлын асар том дурсгал мөн. Дорно дахины эртний арамей, согд, уйгур бичиг үсэгтэй нас чацуу, тэдгээрийн нэгэн адил дэлхий дахины соёл, иргэншлийн хөгжлийн томоохон үнэт дурсгал юм.
Монгол бичиг нь олон зуу, мянган жилийн туршид хөгжин хувьсаж ирэхдээ эрт цагийн үгийн бүтцийг алдагдуулахгүйгээр өнөөгийн бидэнд хүрсэн нь олзуурхууштай билээ. Монгол бичгээр тэмдэглэгдсэн монгол үгнүүд орчин цагийн монгол хэлний үгнээс өөрөөр дуудагдаж буйд шалтаглан босоо бичгээ сурахаас төвөгшөөдөг. Энэ бол монгол бичгээр тэмдэглэгдсэн үг бүрт монгол үндэстний сэтгэлгээний хэв маяг, онцлогууд хадгалагдан үлдэж, хэл, соёл, сэтгэлгээний шүтэн барилдлага оршин буйг үл ойшоож байна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, монгол хэлний нутгийн олон аялгуугаар ярьдаг ястнуудад ямар ч төвөггүй ойлгогддог, олон аялгууны онцлогийг тусгаж ирснээрээ давуу талтай. Ярианы хэлээр хоорондоо сайн ойлголцохгүй байгаа монголчууд бичгийн хэлээр ямар ч төвөггүй ойлголцдог. Ижил дуудлагатай үгсийг аялгуундаа нийцүүлэн ямар ч хэлбэрээр уншиж болдог. Энэ бол мянга гаруй жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй явж ирсний гол шалтгаан юм. Жишээ татвал, засаг -жасаг, жашаг, өндөр-үндэр, хөх-гөх, көк, цагаан -чагаан гэх мэтээр нутаг нутгийнхаа аялгаар уншиж болно.
Бид өнөөдөр аль найман зуун жилийн өмнөх монгол бичгээр бичсэн зүйлийг уншаад тайлаад, ойлгож байгаа шүү дээ. Гаднаас ямар нэг зүйл орж ирэхэд л, монголчуудын үндэсний ухамсар сэргэж монгол бичиг минь, монгол минь гэдэг.
Монгол бичгээ сэргээн хэрэглэхийн ач холбогдол
Хэрвээ бид 2025 он гэхэд үндэсний бичгээ албан ёсны бичиг болгож чадах аваас халимагчууд, өвөрмонголчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй монгол туургатан ахан дүүстэйгээ босоо монгол бичгээрээ ойлголцон харилцах боломж нээгдэнэ. Монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэж чадах зүйл бол босоо монгол бичиг яах аргагүй мөн.
Нөгөөтэйгүүр, үндэсний үзэл санаа, соёл заншил, бусдаас ялгарах онцлогийг илтгэн харуулах, энэ бүхнийг монголчууд бид өөрсдөө мэдрэх боломжийг босоо монгол бичиг олгоно. Тухайн үндэстний (uniqueness) бусдаас ялгарах онцлог шинж чанарыг илэрхийлэгч хамгийн чухал зүйл бол үндэсний бичиг үсэг. Бичгийн соёл бол тухайн үндэстний оршин тогтнохын баталгаа гэж үздэг. Монгол бичгийг дэлхийд ганц босоо бичиг гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Мөн монгол бичгийг урлаг талтай цорын ганц бичиг гэж үздэг. Үүгээр ч зогсохгүй, дэлхийн хамгийн хурдан бичлэгтэй бичиг гэгддэг. Тэгвэл амьдралын хором бүр үнэтэй, цаг бол алт гэх болсон өнөө үед нэг хором ч гэсэн хэмнэхсэн...
Физиологи талаас нь авч үзвэл хүний гарын булчингийн татагдах чиглэлийн дагуу бичигддэг нь гар ядрахад ч бас нөлөө багатай байж болох. Яагаад гэвэл Монгол бичиг тасалдалгүй бичихэд хамгийн тохиромжтой маш хурдан бичигддэг гэдэг нь үнэн. Хэл яриа, бичиг үсэг нь хүний сэтгэх чадвар хөгжихөд нөлөөлдөг бөгөөд ялангуяа монгол бичгийн үгийн уг язгуураас үгийн гаргалгаа, ойролцоо утга бүхий үгнүүдийн утга хамаарлыг олж болдог хэмээн судлаачид ярьдаг.
1990 оны Ардчилсан хувьсгалын дараа монголчуудын үндэсний ухамсар сэргэж, монгол бичгээ сурах гэсэн идэвх зүтгэл нь эрчимжсэн билээ. Гэвч хэсэг хугацааны дараа энэ сайхан үйлсийн эрч суларч, монгол бичгийг ад шоо үзэх байдал ажиглагдах болсон.
Харин өдгөө үндэсний ухамсар дахин сэргэж, монгол бичгийн талаарх хүүхэд залуус, иргэдийн хандлага эерэг тал руугаа хэлбийж буй үеийг ашиглаад хос бичигтэн болох зорилтыг тууштай хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд 2025 оноос хойшлуулах аваас хэт оройтож, монгол бичгээ сэргээх боломж сарнихад хүрч ч мэднэ.
Сэтгэгдэл бичих