Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар 17 агентлагийн дарга, 6 яамны Төрийн нарийн бичгийн даргыг Ковидын хуулийн үйлчлэл дууссан гэдэг үндэслэлээр чөлөөлсөн. Уг бодлогогүй шийдвэрийн гор эхнээсээ гарч Монгол хүний амь насыг дэнчин тавьсан, нисэхийн аюулгүй байдал алдагдсан ноцтой шийдвэрийг салбарын сайд нь даргагүй агентлагаас гаргуулжээ.
Тодруулбал, 2022 оны 09 дүгээр сарын 26-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт нисдэг тэрэг унаж осолдсон дуулиант хэрэг гарсан. Тус нисдэг тэрэг “Монголиан Эйрвэйз” ХХК-ийнх гэдэг нь тогтоогдож, хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдсан ч тэгсхийгээд өнгөрсөн. Энэ хэрэг нэг мөр шийдэгдээгүй байтал түүнээс ч ноцтой шийдвэрийг салбарын сайдынхаа шахалтаар ИНЕГ-ын Аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны дарга П.Ганболд гаргасан байна.
Унасан нисдэг тэрэгний эзэмшигч “Монголиан Эйрвэйз” ХХК нь өмнөх алдаа дутагдлаа засаагүй байж, 2022 оны 12 дугаар сарын эхээр зорчигч тээврийн 2 онгоц оруулж ирж, салбарын сайдтайгаа хамт угтан авсан. “Монголиан Эйрвэйз” ХХК-ийн зүгээс Олон улсын зорчигч тээврийн нислэг үйлдэх хүсэлтээ ИНЕГ-т гаргасан бөгөөд тус агентлагийн зүгээс “Монголиан Эйрвэйз” ХХК-ийг нислэгийн аюулгүй байдал нисэхийн дүрэмд заасан шаардлагуудыг зайлшгүй биелүүлж байж авах боломжтой талаар зөвлөмж өгч байж.
Гэтэл “Монголиан Эйрвэйз” ХХК алдаа дутагдлаа засалгүйгээр, шалгалтын нислэгийн цагаа гүйцээгээгүй онгоц дээр зөвшөөрөл авахаар янз бүрийн арга хэрэглэж, шаардлага тавьсан ИНЕГ-ын байцаагч нарыг “ажил гацааж байна”, “мөнгө нэхсэн” гэх мэтээр өргөдөл гомдол гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод ханджээ.
Үүнийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өлгөн авч сайдын шуурхай хурал дээр “ажил гацаалаа” хэмээн ширээ шааж попорсон байна. Хууль тогтоомж, дүрмийн хүрээнд шаардлага тавьж байсан ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан чөлөөлөгдөхтэй зэрэгцэн тэдэнд ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дээрх хууль бус шийдвэрийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасанг чөлөөлснөөс ердөө 2 хоногийн дараа тус газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга П.Ганболд гэж Ховдын гаралтай нөхрийг шахаж, байцаагч нарыг дарамтлуулан 100 цагийн нислэг үйлдэж байж авах ёстой дүрмийн шаардлагыг дур мэдэн 50 цагаар тооцож, ямар ч аюулгүй ажиллагааны баталгаагүй “Монголиан Эйрвэйз” ХХК-ийн онгоцонд зөвшөөрөл олгосон ноцтой хэрэг гарчээ.
НИСЭХИЙН ДҮРЭМ ЦУСААР БИЧИГДСЭН БАЙДАГ. Гэтэл нислэгийн аюулгүй ажиллагааны шийдвэрийг хар толгойгоороо хариуцан дүгнэлт гаргадаг П.Ганболд гэгч этгээд байцаагч нараа дарамтлан шалгалтын нислэгийн тоондоо хүрээгүй дээрх компанийн онгоцонд нисэх зөвшөөрөл олгож 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр уг онгоц дүүрэн зорчигч чихэж аваад гадаад улс руу ниссэн нь олны санааг ихээр зовоож байна.
Тэд С.Мөнхнасанг болон зарим байцаагч нарыг бусдаас их хэмжээний мөнгө нэхсэн хэмээн сенсаци явуулж хууль бус, эрсдэлтэй шийдвэр гарган Монголчуудын амь насыг хөсөр хаялаа. Хэрвээ дээрх онгоцны нислэгийн аюулгүй ажиллагаа алдагдвал хэдэн зуун хүний амь нас эрсдэх асуудал яригдаж, энэ нь ҮАБ-ын асуудал болж мэдэхээр байна. Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд болон ҮАБ-ын зөвлөлийн гишүүд дээрх ноцтой асуудалд анхаарч, дүрмийн бус зөвшөөрлийг яаралтай цуцалж, олон зуун хүнийхээ амь насыг аварч хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан, салбарын сайдад хариуцлага тооцохыг шаардаж байна.
Тодотгон хэлэхэд “Монголиан Эйрвэйз” компанийн захирал Ч.Хоролсүрэн 2008 онд "МИАТ" ХК-ийн дэд захирал байхдаа “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр их хэмжээний мөнгө угаасан болох нь шүүхээр тогтоогдож шүүхээс ял авч байсан нэгэн билээ.
( 4 )Сэтгэгдэл бичих