Эерэг сэтгэлгээг нийгэмд түгээгч, “Эртэч Монгол” хөдөлгөөнийг санаачлагч Н.Энхбаатартай ярилцлаа.
-Сайн байна уу. Таны хувьд нийгмийн сэтгэл зүйд давамгайлах болсон сөрөг хандлагыг өөрчлөх, эерэг сэтгэлгээг түгээх чиглэлээр багагүй хугацаанд хичээл зааж байна. Магадгүй өнөөдөр Монголчууд бидний дунд хамгийн ихээр дутагдаж буй зүйлийн нэг нь эерэг сэтгэлгээ, хандлага байх. Тэгэхээр эерэг сэтгэлгээг түгээх нөлөөллийн ажлыг яагаад чухлаар авч үзэх ёстой вэ гэдгээс яриагаа эхэлье.
-Сайн байна уу. Өнөөдөр бид нарын үзэж, сонсож байгаа 10 мэдээ тутмын найм нь муу мэдээ байна. Миний хүүхэд өдөр бүр найман болохгүй байгаа зүйлсийн тухай, Монголоос явах тухай сонсож хүмүүжвэл ирээдүйд юу болох вэ. Юугаар ч үнэлшгүй эх орон, бидний ярьдаг үнэт зүйл энэ нийгмийн үед бүр муу болчихлоо. Зөвхөн өөрийнхөө үр хүүхдэд үлгэрлээд гэр бүлээ сайн сайхан авч явахаас гадна миний хүүхдүүдтэй хамт өсч байгаа хүүхдүүдийн, миний үеийн залуучуудын амьдарч буй нийгэмд өөрчлөлт гараасай гэдэг үүднээс эерэг хандлагыг түгээхээр ажиллаж ирсэн. Миний хувьд 2015 оноос Эерэг сэтгэлгээний давлагаа буюу “Positive mind” гэдэг олон улсын төслийг хэрэгжүүлж, “Эртэч Монгол” хөтөлбөрийг санаачлаад амьдарч буй нийгмээ сайн сайхан болгоход бага ч гэсэн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 1.3 сая хүнд эерэг сэтгэлгээ, харилцаа хандлагын талаар сургалт орж дэлхийн 8 улсын 37 хотод багаараа очиж Англи, Орос, Монгол хэлээр хичээл заасан байна. Би нэг ном уншиж байсан юм. Асуудал хаана ч байдаг. Нью Йоркт ч, Дубайд ч түгжирдэг. Хөгжил нь ялгаатай ч гэсэн асуудал бүх газарт байдаг. Түгжрээд байна, цалин бага байна гээд асуудлаа ярьсаар байх уу эсвэл менежмент хийж арай өөрөөр амьдрах уу гэдэг хоёр сонголт бидэнд байна. Хамгийн зориггүй хүн дандаа юмнаас зугтдаг. Шийдлийг олж хардаггүй, дандаа зугтаах арга замыг хайдаг. Энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Өглөөний 06:00 цагт босоод ажилдаа явахад ямар ч түгжрэл байдаггүй. Өглөө эрт ажлаа эхлүүлсэн юм чинь менежмент хийгээд 16:00 цагт тарчихъя л даа. Ямар ч түгжрэлгүй харьчихна. Бид нар Эрээн, Хятад гээд муулдаг. Эрээнд хэзээ ч түгжирдэггүй. 06:00-07:00 цагийн хооронд захынхан, 07:00-08:00 цаг хүртэл хүмүүс ажилдаа явна. Буцахдаа цагийг нь зөрүүлчихдэг. Менежментийг зоригтой хийж чадсанаараа нийгэм өөрчлөгдөнө. Замын түгжрэлийг 20-30 хувиар бууруулах арга бол цагийн зохицуулалтыг хийх гэдэг ч юм уу.
-Яагаад нийгэмдээ эерэг сэтгэлгээг түгээе гэж шийдсэн юм. Ямар нэгэн нөлөөлсөн зүйл бий юу?
-Би сайн тамирчин байсан. Сагсан бөмбөг, гар бөмбөг, бөхийн төрлөөр спортын мастер болж байлаа. Гэтэл нэг өдөр гэмтэл аваад нөгөө гоё спортын хүн чинь эмнэлгийн орон дээр очсон. Хоёр жил гаран нурууны гэмтэлтэй, хөл мэдээгүй эмнэлэгт байсан. Хоёр жил хэвтчихсэн хүн чинь зүгээр л ахлаад явах, үүлний цаанаас нар мандахыг хараад зогсох нь сайхан юм байна. Амьдралын бүх энгийн зүйлс гайхамшигтай юм байна гэдгийг олж харсан. Эхийн хайр шиг үнэн хайр энэ хорвоо дээр байдаггүй гэж сайхан үг байдаг. Босох босохгүй нь мэдэгдэхгүй болчихсон үрийнхээ өтгөн шингэнийг нь зөөгөөд, эмнэлгүүдэд ор олдохоо болиод “Одоо гар” гээд хөөж байхад дамнуурга дээр хүн гуйж намайг гаргаад хажуу талаас нь өргөж явж байгаад л намайг босгоод ирсэн. Тэгээд зүгээр л гоё зүйлийг түгээе гэж шийдсэн. 2015 онд “Эерэг сэтгэлгээний давлагаа” гэдэг төслөөр 21 аймаг тойроод дөнгөж хагалгааны бүстэй явж байлаа. Цалин авахгүй. Хүмүүсийн ярьдгаар ашиг байхгүй. Хүмүүс “Чи юу хийж бүтээсэн юм бэ?” гэж асуудаг. Би эерэг сэтгэлгээ, хувь хүний хөгжлийн талаар хичээлийн хөтөлбөр боловсруулж 10 жилийн хүүхдүүд, их дээд сургуулиудын оюутнуудад хичээл ордог болгосон гэж бахархалтайгаар хэлдэг. Бидний баг хамт олны Монгол улсдаа хийж байгаа хамгийн том эерэг өөрчлөлт гэж үүндээ итгэж үнэмшиж явдаг.
-Эерэг сэтгэлгээ, хувь хүний хөгжлийн талаар сургалтын хөтөлбөр боловсруулсан гэж та ярилаа. Хүүхэд залуусыг эерэг сэтгэлгээтэй бие хүн болгон төлөвшүүлэхийн тулд юунаас эхлэх ёстой вэ?
-Боловсролын системээр дамжуулж хүүхдэд багаас нь 52 маш сайн зан чанарыг төлөвшүүлэх боломжтой гэж сэтгэл зүйчид үздэг. Хүнд 49 муу, 52 сайн зан чанар байдаг. Тэр 52 зан чанарыг суулгах сургалтын хөтөлбөрийг хичээл болгон заагаад эхлэх юм бол зөв төлөвшилтэй хүмүүс гарна. Маш бодитой жишээ. Вьетнам засварыг мэддэггүй улс дэлхий дээр байдаггүй юм байна л даа. Хамгийн шилдэг нь учир. Тэд яагаад шилдэг болсон бэ гэхээр зургаадугаар ангид орж байгаа бүх эрэгтэй хүүхдэд кузов засварын хичээл заадаг л байхгүй юу. Тийм учраас ур чадвар, зан төлөвшлийг багаас нь эзэмшүүлэх нь чухал.
-Эрт босох эерэг сэтгэлгээтэй байх хоёр хоорондоо холбоотой юу?
- Монголчууд эртнээс бар цагт босохгүй бол өдрийн явдал хожимдоно. Багадаа эрдэм сурахгүй бол насны явдал хожимдоно гэдэг байсан. Бар цаг гэдэг нь 05:30 минут. Өглөө эрт боссон хүн нар хардаг. Өглөө эрт боссон хүнд шинэ санаа орж ирдэг. Хүн дунджаар 70 жил амьдардаг. Энэ хугацааныхаа 30 жилийг унтаж өнгөрүүлдэг. Идэвхтэй 40 жил амьдрахдаа арван жилд нь утсаа оролдоод “Үнжэ” үзээд сошиал, зурагт хоёрын ард өнгөрүүлдэг. Энэ эрдэмтдийн гаргасан судалгаа юм. За үлдсэн 30 жилийнхээ хоёр жил нь 00-д суугаад, хоёр жил нь дэлгүүр хэсээд, хоёр жилийг түгжрэлд мөн хоёр жилийг гэрээ цэвэрлэхэд зарцуулдаг. Хүний амьдралдаа 15.5-20-хон жил идэвхтэй амьдардаг юм байна. Тэр цаг хугацаа хаана өнгөрч байна гэхээр өглөө 09:00 цагаас 18:00 цаг хүртэл ажил дээр. Тийм болохоор эрт ажлаа амжуулж гэр бүлдээ хайртай хүмүүсдээ цаг гаргах нь их чухал. “Эртэч Монгол”-ын уриа бол мэдрэмжээ сэрээх тухай юм. Зүгээр нэг зургаан цагт босож хүнд таалагдаж селфи хийх биш, өөрийгөө ялан дийлэх мэдрэмжийн тухай юм.
-Та саяхан МУБИС дээр оюутны хөгжлийг дэмжих танхим байгуулсан байсан?
-Аавдаа зориулж Хараагүйчүүдийн үндэсний төвийн урд талын талбайг тохижуулах гэсэн чинь Баянгол дүүргээс зөвшөөрөл өгөөгүй. Тэгэхээр нь боловсролын салбартаа хөрөнгө оруулъя гэж шийдсэн. Багш хүний үнэлэмж өсөх үед бид нарын нийгэм өөрчлөгдөх юм байна гэдэг итгэл үнэмшлээр энийг ажлыг хийсэн. Ирээдүйд багшаар ажиллах оюутнуудыг эерэг сэтгэлгээтэй боловсон хүчин болгож бэлтгэхэд танхимын үйл ажиллагаа чиглэх юм. МУБИС дээрх танхимын тохижилтыг 90 сая төгрөгөөр хийсэн. Мөнгөтэйдөө биш шүү дээ. Сэтгэл л байхгүй юу даа.
-Өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл таны бодлоор юу вэ?
-Сошиалаар амьдардгаа хязгаарлахгүй бол Монголчууд бид өдөр болгон нэгнээ барьж идэж байна. Бидэнд итгэл үнэмшил дутагдаж байна. Би тамирчин байхдаа олимпын аварга болох мөрөөдөлтэй байсан. Тиймээс хүүгээ “Олимпын аваргаа болоорой” гэж сэрээх дуртай. Би охиноо гавьяат болно гэдэг. Надтай адилхан царайтай инээдтэй охин дуулаад байдаг юм. Миний хүүхдүүд олимпын аварга, гавьяат болохгүй байж болно. Гол нь миний аав намайг гавьяат болно гэж итгэдэг байсан шүү гэдэг итгэл үнэмшил тэр хүнийг магадгүй насан туршид нь өөртөө итгэлтэй амьдруулна. Ийм жижигхэн хандлагаас өөрчлөлт эхэлнэ гэдэгт итгэж явдаг.
( 3 )Сэтгэгдэл бичих