2020 оны 12 дугаар сард НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын даргаар томилогдож байв. Түүний хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой уг байгууллагыг 2 дахь жилдээ удирдаж байгаа юм.
Гэвч тэрбээр хууль тогтоомжийг мөрдөж ажилладаг төрийн түшээ биш бололтой. Учир нь “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар 7 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн байна.
Үндэсний аудитын газрын санхүүгийн аудит дараах зөрчлүүдийг илрүүлжээ.
-Хэдэн хүн хамрагдсан нь тодорхойгүй сургалтыг 66 сая төгрөгөөр зохион байгуулжээ-
Тус байгууллага сургалт зохион байгуулсан нэр зүүж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан болохыг аудитын байгууллага шалгаж тогтоожээ. Тодруулбал “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-өөс ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах сургалтыг нэр бүхий зургаан байгууллагатай хамтран зохион байгуулжээ. Гэвч зарим сургалтад хэдэн хүн оролцсон нь тодорхойгүй. Цахимаар болон танхимаар зохион байгуулсан сургалтууд нь гэрээнд заасан хугацаанаас 1-2 сарын өмнө дууссан. Сургалтад хамрагдсан хүмүүст сертификат, гэрчилгээ олгоогүй. Фото зураг, бичлэгээр хэдэн хүн хамрагдсан эсэхийг бүрэн баримтжуулаагүй. Захиалагч тал сургалтын үйл ажиллагаанд хангалтгүй хяналт тавьсан болох нь аудитын шалгалтаар тогтоогдсон байна. Хэдэн хүн хамрагдсан нь тодорхойгүй үр дүн муутай дээрх сургалтыг зохион байгуулахад 66.1 сая төгрөг зарцуулжээ. Тухайлбал “Мерит медиа” ХХК-д 7.6 сая төгрөг, “Ай Эс эс Апекс” ХХК-д 7.9 сая төгрөг, “Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн”-д 9.7 сая төгрөг, “Эм Ай Си Жи” ХХК-д 14.8 сая төгрөг “Бодит хүч” ХХК-д 16.6 сая төгрөг “Аз хангайн чимээ” ХХК-д 9.4 сая төгрөг тус тус шилжүүлж ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж аудитаас үзжээ.
-Нийслэлийн ЖДҮ-г дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн Засгийн газрын 43 дугаар тогтоолыг дөрвөн удаа зөрчжээ-
Шаардлагагүй зардлаа тэвчиж, төсвийн хэмнэлт хийх Засгийн газрын тогтоолыг Г.Гангамөрөн дарга зөрчиж, 15 сая төгрөгөөр байгууллагынхаа дотоод заслын зураг төсвийн ажлыг хийлгэжээ. Түүнчлэн 3 сая төгрөгөөр 5200 ширхэг нэрийн хуудас хэвлүүлж, "Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт, зөвлөгөөн"-д оролцогчдод гарын бэлэг олгоход 34 сая төгрөг зарцуулжээ. Мөн “Макс медиа” ХХК-аар байгууллагын танилцуулга, сурталчилгаа, сургалт зөвлөгөө, мэдээллийн 40-60 минутын 8 видео контент 9.8 сая төгрөгөөр хийлгэсэн байна. Дээрх үйлдэл, санхүүгийн гүйлгээнүүд нь Засгийн газрын "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг зөрчсөн байна.
-Шилэн дансандаа 6.9 тэрбум төгрөгийн 66 гүйлгээг ил тод байршуулаагүй-
Төсвөөс хулгай хийж, хувьдаа завшихаас сэргийлж 2014 онд УИХ Шилэн дансны тухай хуулийг баталж, төсвийн зарцуулалтыг олон нийтийн хяналтад оруулж байв. Гэвч “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн санхүүгийн гүйлгээнүүд хаалттай, нууц далд хэлбэрт байсаар буйг аудитын байгууллага онцолжээ. 2021 онд тус байгууллага 7.9 тэрбум төгрөгийн 137 гүйлгээний мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудастаа ил тод байршуулах ёстой байснаас 71 мэдээллийг байршуулж, 6.9 тэрбум төгрөгийн 66 гүйлгээг ил тод мэдээлээгүй байна. Шилэн дансны тухай хуулиар Төрийн бүх шатны байгууллагууд 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гүйлгээгээ олон нийтэд нээлттэй мэдээлж байх үүрэгтэй. Тухайн төрийн байгууллагын худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, мөнгө шилжүүлсэн байгууллагын нэр, хаяг ил тод байх ёстой юм. Гэвч хуулийн яг энэхүү заалтыг Г.Гангамөрөн даргатай “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ мөрдөж ажиллаагүй байна.
( 5 )Сэтгэгдэл бичих