Итали улсад хоёр жил тутам зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биенналь дахь Монгол Улсын павильон 2022.04.20-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Олон улсын биеннальд Монгол Улсыг төлөөлөн Соёлын сайд Ч.Номин, уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, куратор Б.Гантуяа нар оролцож байгаа бөгөөд Монгол Улс “A Journey Through Vulnerability” буюу “Гүнээс гүнд” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байна.
Монгол Улсын павильон нь уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл, видео зэрэг сүүлийн 15 жилд туурвисан ажлуудаас бүрдсэн бөгөөд павильоны “Дутуу төрөлт”, “Зээрийн зүүд”, “Судасны чимээ” гэх гурван өрөөнд дэлгэгдсэн бүтээлүүд нь эмэгтэйчүүд, хүүхэд, амьтдын өөр өөр түүхийг хүүрнэх агуулгатай юм.
Энэ жилийн биенналийг Нью-Йорк хотод амьдарч уран бүтээлээ туурвидаг, Итали куратор Чечилиа Алемани дэглэж байгаа бөгөөд үзэсгэлэнд 58 улсын 213 уран бүтээлч оролцож, 1400 гаруй бүтээл үзүүлж байна. Ази, Африкийн таван улс (Камерун, Намиби, Непал, Уганда, Оман) энэ жил анх удаагаа оролцож байгаа аж.
Хүн хийгээд сав шим ертөнцийн холбоо, байгаль дэлхийн өмнө хүлээх хүмүүний үүрэг хариуцлага гэсэн ерөнхий агуулгатай үзэсгэлэн энэ оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын “Гүнээс гүнд” үзэсгэлэнг нээж Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин:
Дэлхийн дүрслэх урлагийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, дэлхий ертөнцийн өөрчлөлт, хүмүүний сэтгэлгээ, бидний оршихуйг урлагаар дамжуулан илэрхийлж буй дэлхийн өнцөг булан бүрээс цугласан уран бүтээлчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монголчууд бид өнөөдөр орчин цагийн дүрслэх урлагийн тавцан дээр бусад улс үндэстний шилдгүүдтэй мөр зэрэгцэн зогсож байна. Энэ болбоос Монгол Улсыг сурталчлах, улсынхаа уран бүтээлчдийн сэтгэлгээ, Монгол гэсэн онцлогоо дэлхий дахинаа харуулах, дэлхийн дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах хором мөч, бидний хамтын үүрэг билээ.
Монгол Улсын соёл урлагийн салбар, тэр дундаа дүрслэх урлагийн салбар дэлхийд маш том хувь нэмэр оруулах бүрэн боломжтой гэдгийн жишээ нь энэ юм.
Та бүхнээр маш их бахархаж байна. Амжилт хүсье.
Монголын уран бүтээлчид 2015, 2017, 2019 онуудад Венецийн биеннальд оролцох эрхээ өөрсдөө авч, санхүүгийн асуудлаа ч бие даан шийдвэрлэж ирсэн. Мэдээж энэ нь уран бүтээлчдийн хувьд бэрхшээлтэй байсан нь гарцаагүй ч шантралгүй улс орноо төлөөлж, дэлхийн дүрслэх урлагийн хөгжилд зохих хэмжээний хувь нэмрээ оруулж ирсэн.
Энэ өдөр тэдгээр эрхэм уран бүтээлчид, тэдэнд тусалж, дэмжиж байсан хүн бүрд талархал илэрхийлж, дараагийн уран бүтээлчдэдээ энэ оргилд хүрэх итгэл, цагаан зам татаж өгсөнд талархал илэрхийлье.
Та бүхэнд баярлалаа.
Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын хувиар цаашид ч дүрслэх урлагийн болоод бусад салбарынхныг олон улсын зэрэглэл бүхий тэмцээн уралдаан, үзэсгэлэнд Төрийн бодлогоор дэмжих байр сууриа бататган хэлж байгаадаа туйлын баяртай байгаа бөгөөд соёлыг төрөөс дэмжих шийдвэр цаашид үл тасрах шинжтэй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
Ингээд энэ удаагийн биеннальд оролцож байгаа уран бүтээлч, куратор, санхүүгийн болон бусад талаар дэмжсэн төр, хувийн хэвшил, урлагт хайртай хэн бүхэнд талархал илэрхийлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Та бүхнийг Монгол Улсын павильонд тухлан саатахыг хүсье.
Уран бүтээлч Та бүхний бүтээлээс ухаарал олох болтугай!
Баярлалаа” гэлээ.
Монголын “Гүнээс гүнд” үзэсгэлэнгийн тухай:
Хоёр жилд нэг удаа болдог дүрслэх урлагийн үзэсгэлэн, наадам. Дэлхийн хамгийн нэр хүндтэй биенналь бол 1895 оноос эхлэлтэй Венецийн биенналь юм. https://en.wikipedia.org/wiki/Biennale
Сэтгэгдэл бичих